Б.Цэцэг
Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон энэ цаг үед ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд ар гэрээ умартан амь насаа үл хайхран ажиллаж буй хүмүүс бол төрийн алба хаагчид. Ард иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлын төлөө “галын шугам”-д ажиллаж буй тэдний бахархал нь ч бас үндэсний аюулгүй байдал, ард иргэдийнх нь амгалан тайван байдал гэдэгт санал нэг байна. Төрдөө өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ эзэн нь болсон алба хаагчдаас төлөөллүүдтэй уулзаж, ажлынх нь нэг өдрийг сонирхлоо.
СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Э.НЯМБАЯР:
-Хорио цээрийн дэглэм тогтоосон онцгой дэглэмийн үед бид хилийн боомт, шалган нэвтрүүлэх товчоодод 24:00 цагаар ээлжлэн ажиллаж байна. Миний хувьд өнөөдөр /2020.04.03/ Эмээлт шалган нэвтрүүлэх товчоон дээр үүрэг гүйцэтгэж байна. Өнөө өглөө 09:00 цагт ээлжээ хүлээн авч, Улаанбаатар хот руу орж буй тээврийн хэрэгслүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран түүхий нүүрсний тээвэрлэлтэд хяналт тавьж байна. Мөн Улаанбаатраас гарч буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд манай хэлтсийн албан хаагч хяналт тавьж байгаа юм. Ээлжээр ажиллаж байгаа үед маргааш өглөө нь ээлжээ хүлээлгэн өгөх хүртлээ нойр авах эрхгүй. Ачаалал бага үед нэгэнтэйгээ зохицоод хоолоо иднэ.
Харин хот руу орж гарах хөдөлгөөнийг зогсоож нээх болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх үеэр их ачаалалтай байдаг тул хоол идэх нь бүүхэл бие засах ч зав гарахгүй. Ажлын ачаалал өдрийн цагаар хэвийн, орой 18:00-22:00 цаг хүртэл өндөр ачаалалтай байдаг.
Гэхдээ шөнө тээврийн хэрэгслийн хөдөлгөөн тасардаггүй. Гадаа үүрэг гүйцэтгэхэд хувийн бэлтгэлээ хангаж, дулаахан хувцасаа өмссөн ч өвлийн улиралд хүйтний эрч чангарсан үед их даарна. Хувь хүнээс тэсвэр хатуужил шаардна. Гэсэн ч даараад байна гээд л дулаахан газар бараадаж болохгүй. Одоо цаг агаар дулаарсан болохоор гадаа ажиллахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл алга. Бид нар 24:00 цагаар үүрэг гүйцэтгэх хугацаандаа постноосоо холдож болохгүй, хөлөө амраана гэсэн ойлголт байхгүй. Ээлжээр ажиллаж байгаа тул гэртээ харьж амрах цаг гарч байгаа. Гэсэн ч ой хээрийн түймэртэй, шар өвс шатаасан, нэгдэх дохиогоор ажиллах үед гэртээ харина гэсэн ойлголт байхгүй.
Төрийнхөө өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүрэг, хариуцсан ажилтай тул цаг үеийн нөхцөл байдалдаа дасан зохицно. Иргэд маань бидний ажил мэргэжлийг ойлгож хүндэлж урам өгөхийн хэрээр л хүн амынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө илүү их хичээж, хариуцлагатай ажиллах ёстой гэж боддог. Хүн амынхаа эрүүл мэнд аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаадаа энэ мэргэжлээрээ бахархдаг.
Эх сурвалж: news.mn