Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон:Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн Б /30 настай, эрэгтэй/ тус аймгийн Эрдэнэ сумын ”Естийн рашааны-Ар хоёр-Юндэн” гэдэг газар ойд самар түүхээр явж байгаад 2015.10.26-ны өдрөөс сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 5 хүн, 1 автомашинтай, нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.05-ны өдрөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлж, эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул 2015.11.12-ны өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр түр зогсоосон.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 7 дугаар хорооллын 31 дүгээр байрны 54 тоотод  оршин суугч иргэн Л /27 настай, эрэгтэй/ нь 2015.11.05-ны өдрийн 06:00 цагт 13-39 УБМ улсын дугаартай “Toyota Prado-120” загварын автомашинаа граждаа хийнэ гэж гараад сураггүй болсон ба тус иргэний автомашиныг 2015.11.11-ний өдрийн 13:00 цагт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгон /тосгоноос зүүн хойд зүгт 35 км/ Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээрээс цагдаагийн ахлагч О эзэнгүй байхыг олсон байна. Дээрх сураггүй болсон иргэнийг нуур руу орсон байж болзошгүй гэсэн дуудлагыг 2015.11.11-ний өдрийн 19:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.11-ний өдрийн 19:53 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж 2015.11.12-ны өдрийн 09:21 цагт Хөвсгөл нуурын уснаас цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:   

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 3, 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 3 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 1 дүүрэг, 5 аймгийн 7 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Малчин” хорооллын 1 дүгээр гудамжны 7 тоотод иргэн Т-ийн 5 гахай, 2 дугаар гудамжны 5 тоотод иргэн М-ийн 5 гахай халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, сумын хогийн цэгт 12 гахай  2015.10.27-ны өдөр үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.30-ны өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;   

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар “Дэлийн булаг” гэдэг газар малчин Б-ийн 38, Н-ийн 15, М-ийн 57 хонь нийт 110 хонь нэмж өвчилсөн  клиник шинж тэмдгийг  үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж  “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр багийн “Далтын-Овоо” гэдэг газар 2015.11.07-ны өдөр малчин Д-ийн 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн 538 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн “Хар хадны булан” гэдэг газар 2015.11.08-нд малчин Б-ийн хоттой хонинд чоно дайрсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 184 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Тээл багийн “Ивэг” гэдэг газар 2015.11.06-ны өдөр малчин Г-ийн 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 265 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн зөрчлийн 1  дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Алтан- Овоогийн 9 дүгээр гудамжны 41 тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.12-ны өдрийн 09:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Налайх дүүргийн 2 дугаар хорооны “Нарлаг”-ийн 6/а дугаар гудамжны 8 тоотод иргэн Н-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.12-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;   

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 11 дүгээр байрны 10 дугаар орцны 1 дүгээр давхарт 327 тоотод иргэн С-ийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.12-ны өдрийн 15:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж уг галд түлэгдсэн иргэн С /62 настай, эрэгтэй/, Б /32 настай, эмэгтэй/, нарыг НЯТТТ-д угаартсан Э /13 настай, эмэгтэй/, Э /10 настай, эрэгтэй/, М /7 настай, эрэгтэй/, М /6 настай, эмэгтэй/ нарыг аварч эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны “Алтан тариа”- ХХК-ийн 1 дүгээр гудамжны 14 тоотод иргэн Ж-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.12-ны өдрийн 05:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн 1 дүгээр гудамжны 2 тоотод иргэн Э-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.13-ны өдрийн 02:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top