1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Хөвсгөл аймагт хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төвийн аймгуудын нутгаар үүлшиж, зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос 6-11 м/с, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 5-10 градус, Алтайн өвөр говиор 18-23 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, Салхи зүүн өмнөөс 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ, өдөртөө 10-12 градус дулаан байна.
Төлөв байдал: 9-нд Хангайн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 9-нд говь, талын нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Одонт”-ын 24 дүгээр гудамжинд иргэн Д-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 07:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 08:02 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Яргайтын богино”-ын зуслангийн “Задгай”-д өнжмөл шар өвс шатсаны улмаас зуслангийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 08:25 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 08:32 цагт очиход 7 модон байшин, 1 хүлэмж шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Мөн 3 байшин галын дөлд хайрагдсан бөгөөд ойролцоох 33 байшинд тархан шатаж болзошгүй байсан тул нэмэлт дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 3 автомашинтай 10 км зам туулан 08:45 цагт очиж 40 минут, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 16 алба хаагч, 3 автомашинтай 13 км зам туулан 08:50 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан. Нийт 3 ангийн 32 алба хаагч, 8 автомашинтай ажилласан. Мөн өдрийн 08:54 цагт галын тархалтыг зогсоосон тул Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашин, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашин, Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашин, нийт 22 алба хаагч, 5 автомашинтай замаасаа буцсан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны “Хангай”-н 9 дүгээр гудамжинд иргэн С-ийн 3х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 12:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 12:33 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны “Наран”-гийн 1 дүгээр гудамжинд иргэн П-ийн 4х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 13:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 13:42 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны “Горьк”-ийн 18 дугаар гудамжинд иргэн Д-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 13:54 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км зам туулан 14:00 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Гоодой”-н зуслангийн “Задгай”-д иргэн Н-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшин, 4х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 15:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 11 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км зам туулан 15:36 цагт очиж 45 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Шанд”-ын 6 дугаар гудамжинд иргэн Б-ийн “Пилдер” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 18:40 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 22 км зам туулан 19:04 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 2 дугаар байранд иргэн А-ийн 3х4 метрийн хэмжээтэй өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 19:03 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн “Задгай”-д иргэн Т-ийн “Ланд Круйзер-105” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 22:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч 2 автомашинтай 4 км зам туулан 22:33 цагт очиж 18 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Шархад”-ны 7 дугаар гудамжинд иргэн Э-ын 7х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 22:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 22:41 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн “Улиастай хэсэг мод” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 25 иргэн, 4 автомашин, нийт 37 хүн, 5 автомашинтай ойн түймрийг унтраахаар ажиллаж 04.07-ны өдрийн 20:00 цагт унтраан тус сумын Байгаль орчны байцаагч Б.Батдоржид хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт 50 га ойн талбай шатсан.
Дорнод аймгийн Матад сумын Баянхангай багийн “Харганы цар” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 190 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т, Сүхбаатр аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 13:18 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 24 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 17 иргэн, 2 автомашин, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 6 иргэн, 1 автомашин, нийт 47 хүн, 5 автомашинтай хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 04.07-ны өдрийн 18:45 цагт унтраасан. Уг түймэрт 3 өвөлжөө, 4400 га бэлчээрийн талбай шатсан.
4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн “Баян цагаан” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т, Ө-43°42’36”, У-103°34’48”/ 04.07-ны өдрийн 17:26 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГСХ-ээс цахим шуудангаар 17:40 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн Засаг дарга Э.Мөнх-Ургамалаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Өндрөөс аврах: Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн баг 24 айлын орон сууцны 5 давхар барилгын дээвэрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 22:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 22:55 цагт тус байрны оршин суугч иргэн М /24 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 5 давхар барилгын дээвэр дээр гарч үсрэх гэж байсныг эсэн мэнд буулган тус сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа дэд ахлагч Э.Амарзаяад шилжүүлэн өгсөн.
6.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Сувагтай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ тус багийн харьяат малчин Б-ын 22х9 метрийн хэмжээтэй, малчин Л-ийн 19х7 метрийн хэмжээтэй өвөлжөө 04.07-ны өдрийн 17:00 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын харьяат иргэн Д аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 18:35 цагт мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР