Г.Нэргүй: Зуслангийн бүсэд байгаа айлуудын цахилгааны аюулгүй байдлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй

nergui.jpg

Н.Алтанцэцэг

Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэг их, түймрийн эрсдэл өндөр буюу аюултай түвшинд байгаа. Ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа нь гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10, есдүгээр сарын 20- ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг юм байна. Иймд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн бүр сонор, сэрэмжтэй байх хэрэгтэй.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа.

-Хуурайшилттай байгаа үед шар өвс шатах тохиолдол нэлээд гарч байна. Яргайтын Богинын аманд нэлээд хүчтэй гал гарсан. Энэ галыг хэдий хугацаанд унтраав?

-Энэ сарын 7-ны өглөө 8 цаг 25 минутад Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт Яргайтын Богинын ам шар өвс болон зуслангийн байшин шатаж байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлага аваад зургаан минутын дотор очсон. Очиход гал нэлээд тархсан байдалтай хэд хэдэн байшин галд өртчихсөн, салхи нэлээд хүчтэй байсан учраас нэмэлтээр гал түймэр унтраах 74, 10 дугаар ангийг дуудсан. Нийтдээ гурван ангийн 38 албан хаагч, найман авто машинтай үүрэг гүйцэтгэж ажилласан. Нөхцөл байдал нэлээд хүнд байсан. Галын машин хажууд нь очих боломжгүй байсан учраас нэлээд дороос шалаанк хоолойнуудаа холбож ажилласан. Ерөнхийдөө нэг цаг 40 минут ажиллаж байж, түймрийг бүрэн унтраасан. Галд найман ажлын байшин өртөж, хоёр байшин хайрагдсан. Түймрээс 38 айлын байшин, ногоон бүсэд гал түймэр орох эрсдэлийг таслан зогсоож авран хамгаалсан байгаа.

image

-Гал юунаас болж гарсан юм бол. Урьдчилсан дүгнэлт гарсан уу?

– Иргэдийн таамгаар цахилгааны утаснаас оч үсэрч хуурай өвсөнд гал авалцаж гарсан гэж байгаа. Гэхдээ иргэдийн ярьснаар бид шийдвэрлэхгүй. Цагдаагийн байгууллага шалгаж тогтооно.

image

ДАЛАН ДАВХРЫН ОРШУУЛГЫН ГАЗАРТ ХОЁР УДАА ШАР ӨВСНИЙ ТҮЙМЭР ГАРСАН

-Амралтын өдрүүдэд шар өвс шатсан дуудлага олон ирсэн гэсэн. Юунаас болж гал гараад байна вэ?

-Нийслэлийн онцгой байдлын газарт ирж байгаа дуудлагын 90 орчим хувийг объектын гал түймэр эзэлж байна. Сүүлийн үед шар өвс шатаасан дуудлага эрс нэмэгдэж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд шар өвс шатсан 34 дуудлага ирсэн. Тухайлбал, Богд уулын хоёр аманд гал гарсан. Зайсангийн ам талд нэг га газар, баруун талд буюу Хүннү мойлын зүүн урд Хүйсийн аманд нэг га газар шатсан.

Богд уулын баруун аманд гарсан түймрийг бага насны хүүхдүүд чүдэнзээр тоглож байгаа гал алдсан гэдгийг тогтоож, цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мөн Чингэлтэй дүүргийн далан давхрын оршуулгын газарт хоёр удаа шар өвсний түймэр гарсан. Нийтдээ таван га газар шатсан. Энэ түймэр далан давхрын залгаа байсан айлууд руу орох эрсдэлтэй байсан. Үүнийг манай алба хаагчид таслан зогсоож чадсан.

– Шар өвс шатааж байгаад түймэр тавьсан иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Шар өвсний түймрийг юунаас болж гарсан гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоож буруутай этгээдэд хариуцлага тогтоох ёстой. Торгуулийн арга хэмжээ авна. Онц ноцтой санаатай шатааж, их хэмжээний хохирол учруулж, хүний амь насанд хүрсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуультай. Урин дулаан цаг ирж байгаа учраас иргэд зусландаа гаралгүй яахав дээ. Гэхдээ гал түймрийн аюулгүй байдлыг онцлон анхаарах шаардлагатай. Цахилгааны болон галлагааны аюулгүй байдлыг маш сайн хангах хэрэгтэй. Ихэнх түймрийн шалтгаан нь цахилгаан, галлагаа, санамсар болгоомжгүй байдлаас болж гарч байна. Зуслангийн бүсэд байгаа модон байшингууд маш хурдан шатдаг. Зуслангийн байшингуудын цахилгааны утасны аюулгүй байдал алдагдсан. Манай байцаагч нар байнга шаардлага тавьдаг. Одоо мэргэжлийн байгууллага болох Эрчим хүчний яам зуслангийн бүсэд байгаа айлуудын цахилгааны аюулгүй байдлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Олон жил хэрэглэсэн кабелийн утас, ил задгай цахилгааны утас хаана байна, зуслангийн бүсэд л байна.

ТЕХНИК ХЭРЭГСЛИЙН ХАНГАМЖ 60 ХУВЬТАЙ, ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХЭД БОЛОМЖИЙН ХЭМЖЭЭНД БАЙГАА

-Зуслангийн бүсэд шар өвсний түймэр их гарч байгаа. Нийслэлийн гэр хороололд ахуйн түймэр хэр гарч байна вэ?

-Хоногийн дуудлагын ихэнх хувь нь ахуйн гал түймэр байгаа. Гэр хорооллын иргэд үнс нурмаа ил задгай орхидог. Үүнээс болж хашаа байшин шатаж байна. Мөн пийшин зуухны галлагаа болон цахилгааны аюулгүй байдлаас болж гал гардаг. Манай иргэд бүгд өөрсдөө цахилгааны монтажаа хийдэг. Уг нь цахилгааны монтажийг мэргэжлийн хүнээр хийлгэх ёстой. Иргэд цахилгааны утсаа шинэчлэхдээ тун хойрго байдаг. Олон жил хэрэглэсэн утсыг хэрэглээд байдаг. Үнэнээс болж эрсдэл их үүсч байна. Ер нь үүрээр буюу 4-7 цагийн хооронд, 11-17 цагийн хооронд гал гардаг. Цахилгааны аюулгүй байдлаас болж маш их гал гарч байна. Иймээс эцэг эхчүүд өдрийн цагаар гэртээ үлдэж байгаа бага насны хүүхэд болон ахмад настай хүмүүсийг хараа хяналтгүй байлгаж болохгүй. Сургууль цэцэрлэг орохгүй байгаа учраас хүүхдүүд зуслан руу их гарч байгаа. Иймээс зуслангийн байшингийн аюулгүй байдлаа сайн хангах шаардлагатай.

-Салхи шуургатай үед галыг унтраахад маш хүндрэлтэй. Нийслэлийн онцгой байдлын гал унтраах ангиудад багаж хэрэгсэл хэр хангалттай байгаа вэ?

-Ер нь техник хэрэгсэл сул байсан. 15 жилийн хугацаанд онцгой байдлын алба бэхэжсэн. Төр засгаас ч анхаарсан. Үе үеийн удирдлагууд гадаад харилцааг сайн хөгжүүлсэн. Төсөл хөтөлбөрийг сайн хөгжүүлсний хүчинд өнөөдөр нийслэлд 15 гал түймэр унтраах анги аврах нэг анги ажиллаж байгаа. Одоо бид ОХУ-аас гадна Япон, Солонгос, БНХАУ, Польш, Германы автомашинаар бүрэн хангагдчихсан. Техник хэрэгслийн хангамж 60 хувьтай. Үүрэг гүйцэтгэхэд боломжийн хэмжээд байгаа. Мэдээж төгс зүйл байхгүй. Жилээс жилд хүчин чадал нэмэгдэж байгаа.

Эх сурвалж: medee.mn

scroll to top