Тагнуул, гааль, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын алба, мэргэжлийн хяналт, “Чингис хаан” нисэх буудлынхан хамтарч “Онгоц барьцаалсан үед хамтран ажиллах нь”сэдэвт команд штабын сургуулийг хоёр дахь удаагаа зохион байгуулжээ. Хилийн боомтод үйл ажиллагаагаа явуулж буй харилцан ажиллагаатай байгууллагууд ийнхүү хамтарсан дадлага сургууль хийснээр онц байдал зарласан үед дээрх байгууллагууд ямар үүрэг гүйцэтгэхээ тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Тэр тусмаа ирэх оны зургадугаар сард Монгол Улсад дэлхийн 50 гаруй улсын төр, засгийн удирдлагууд айлчилж, АСЕМ-ын чуулганд оролцоно. Монгол Улс хэдийгээр дайн байлдаан, элдвийн үймээн самуунгүй тайван байдалтай байгаа ч эрсдэл гарч мэдэх юм. Энэ ч утгаар хүчний байгууллагуудын энэ удаад хийсэн хамтарсан сургууль маш чухал байлаа.
Хилийн 0218 дугаар ангийн хувьд боомтын аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй. Энэхүү үүргийнхээ хүрээнд урьдчилсан ажиллагааны төлөвлөгөө гаргаж мэргэн буудагчийн, бүслэн хаах, хуйлан бүрхэх, хамгаалалтын болон штабын бүрэлдэхүүнд нийт 56 алба хаагчийг команд штабын сургуульд хамруулав. Мөн тус ангийн хилчид ТЕГ-ын тусгай томилгоот бүлэгтэй хамтарч сөрөх тусгай ажиллагааг явуулсан юм. Энэхүү ажиллагааг явуулахдаа Терроризмтой тэмцэх зөвлөлийн шийдвэрээр Прокуророос зөвшөөрөл авч явуулдаг байна. Харин бодит цагийн байдал үүссэн үед Хил хамгаалах байгууллага сөрөх тусгай ажиллагааг бие даан явуулах хууль эрх зүйн үндэс бий юу эсэхийг эргэж тодотгох хэрэгтэйг штабын бүрэлдэхүүнд ажилласан Хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Бат-Эрдэнэ хэлж байв.
Тэд Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын тусгай бүлэгтэй хамтарч барьцаалагдсан иргэдийг аюулгүй болгох, нисэх онгоцыг чөлөөлөх арга хэмжээг авсан бөгөөд бодит нөхцөл байдал үүссэн үед ТЕГ, ХХБ, Гааль, Цагдаа, Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналт, Нисэх төв буудлын удирдлагатай хэрхэн ажиллах вз гэх асуултын хариуг команд штабын сургуулийн үр дүнгээс олж авсан билээ. Сургуулилтын цагийн байдлыг өмнө нь зарласан тул оролцож буй байгууллагууд бэлтгэлээ сайтар хангаж, үүргээ биелүүлж чадсан. Харин гэнэтийн цагийн байдал үүссэн үед юунд анхаарах хэрэгтэй вэ гэдгийг хамтран дүгнэж тодорхойлсон юм. Тухайлбал, энэ удаагийн цагийн байдлыг урьдчилан мэдээлж, ажлын цагаар өгсөн учир хүмүүсээ бэлэн болгож чадсан нь онгоцыг чөлөөлөх, барьцаалагдсан иргэдийг аврах ажиллагааг явуулахад дөхөмтэй байсан юм. Тиймээс бодит нөхцөлд бэлэн байх хугацааг тодорхойлох ямар бүлэгт хуваарилагдаж, ямар үүрэг гүйцэтгэн ажиллахаа маш нарийн төлөвлөх хэрэгтэй гэдэгт оролцогч талууд санал нэгдэж байв.
Эх сурвалж: www.itoim.mn