Г.Галбадрах: Өнжмөл өвсийг ямар ч үед шатааж болохгүй

GJ1A1629.MOV_snapshot_00.00.960.jpg

Э.Эрдэнэцэцэг

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрахаас гал түймрийн шалтгаан, нөхцөл болон бусад зүйлийн талаар тодрууллаа. 

-Сүүлийн үед гал түймрийн дуудлага нэмэгдэх болжээ. Гал түймрийн шалтгаан юу байна вэ?
-Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд хөдөө, орон нутагт зорчих нь ихэссэн. Мөн иргэд амралтын өдөр зуслан, агаар салхинд гарахаар явах үедээ тамхи, шүдэнзний галаа бүрэн гүйцэд унтраахгүй, үнс нурмаа ил задгай асгах, хашаа хороогоо цэвэрлэх үүднээс шар өвс шатаасны улмаас гал түймрийн дуудлага эрс нэмэгдэж байна. Өнгөрсөн амралтын өдөр л гэхэд Улаанбаатар хотын хэмжээнд шар өвсний дуудлага 34 ирсэн. Үүнээс болж долоон айлын байшин шатаж, ногоон бүсэд их, бага хэмжээний арав гаруй ой, хээрийн түймэр гарсан. 

-Он гарснаас хойш гарсан ой, хээрийн 19 түймэр юунаас болж гарсан бэ. Иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болсон уу?
-Гал гарсан шалтгаан, нөхцөлийг Цагдаагийн байгууллага тогтоодог. Бид эндээс, тэндээс болсон гэж хэлэх боломжгүй. Онцгой байдлын байгууллагын урьдчилсан мэдээгээр иргэдийн санамсар, болгоомжгүй байдлаас болж гал гарсан.

-Тамхи татаж байгаад гал алдсан гэх мэт иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан хохирлыг хэн барагдуулах вэ?
-Галын аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд галын аюулгүй байдлаа хангах иргэний эрх, үүргийг тодорхойлоод өгсөн. Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлд галын аюулгүй байдлын тухай хууль зөрчиж, үүний улмаас гал түймэр гарсан тохиолдолд иргэнийг 100, хуулийн этгээдийг 1000 нэгжээр торгоно. Өөрөөр хэлбэл, иргэнийг 100 мянгаар, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно. Олон айлын байшин шатаасан гэх мэт учруулсан хохирол нь их байх юм бол Эрүүгийн хуульд зааснаар эрүү үүсгэнэ. Хохирлын хэмжээнээс шалтгаалаад үүрэх хариуцлага өөр.  

-Шар өвс шатааснаас болж гал гарч байна гэлээ. Иргэд шар өвсийг хэрхэх хэрэгтэй вэ?
-Шар өвсийг ямар ч үед шатааж болохгүй. Хүмүүс хашаа хороогоо цэвэрлэж байгаа бол шар өвсөө түүж, хадаж, цуглуулаад зориулалтын хогийн цэг дээр хаях үүрэгтэй. Иргэд хайхрамжгүй хандаж, залхуурч өнжмөл өвсөө тэр чигт нь хашаандаа шатаасны улмаас гал түймэр гарах эрсдэл нэмэгдэж, олон хүн өмч хөрөнгөөрөө хохирч байна гэв. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

scroll to top