Гамшиг судлалын хүрээлэнг нэгтгэхгүй боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, энэ хооронд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдан тодорхой саналуудаа оруулж ирснээр чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буй юм. Энэ хүрээнд санал хурааж байна. Тухайлбал, “Нэг эмнэлэг, хоёр жигүүр” төслийг хэрэгжүүлэхийн тулд 2.8 тэрбум төгрөгийг төсөвт суулгах санал гишүүдийн 89 хувийн дэмжлэг хүлээлээ. Ингэснээр Төрийн ордны баруун талд байрлах обьект эмнэлэг хэвээр үлдэж, ингэхдээ нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн амбулаторын корпус болохоор болж байна.

Мөн Гамшиг судлалын хүрээлэнг Онцгой байдлын ерөнхий газарт нэгтгэхгүй, үүнтэй холбоотойгоор зардал болох 100 гаруй сая төгрөгийг нэмж төсөвт суулгах санал гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээлээ.

Завхан аймгийн Их уул сум, 4.5 тэрбум төгрөгийн өртөгтэй сургуулийн барилгын 1.5 тэрбумыг төсөвт хэвээр үлдээх санал гишүүдийн 87.5 хувийн саналаар дэмжлэг хүлээлээ.

Эх сурвалж: www.news.mn

scroll to top