Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймагт шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос 7-12 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчим, Дорнод, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 9-14 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Цэлмэг. Салхи баруун хойноос 7-12  м/с, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд Хөвсгөлийн уулс болон Орхон-Сэлэнгийн бэлчирээр ялимгүй хур тунадас, 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд, 14-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 12-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зарим газраар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. 13-наас төв болон  зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр багийн “Зангиат” хорооллын 15 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 11:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан, 11:14 цагт очиж, 3х8 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 1 цаг 06 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсгийн 82 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 13:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 13:46 цагт очиж, иргэн Д-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил, 4 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 18:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 18:49 цагт очиж, иргэн Г-ын “Поло” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, “Жамсран-Уул”-ын 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 20:04 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 20:15 цагт очиж, 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтрааж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Д.Оюунболдод хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Баянбулаг” зуслангийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 20:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 20:50 цагт очиж, иргэн Баярсайханы эзэмшлийн 10х15 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 6 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13 км замыг туулан 21:53 цагт очиж 1 цаг, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 21 км замыг туулан 22:27 цагт очиж 40 минут тус тус ажилласан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, “Дамбадаржаалан” хийдэд гарааш шатаж байна байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 23:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлстийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 23:35 цагт очиж, 9х19 метрийн хэмжээтэй гарааш, эд хогшил шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт хүч нэмэгдүүлэн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 23:45 цагт очиж, 2 цаг ажилласан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 27 дугаар байранд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 00:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 00:44 цагт очиж, иргэн Б-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Обьектын гал түймрийн талаар: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тэлээ  багийн “Сайрын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 85 км-т, сумын төвөөс урд зүгт 12 км-т/ малчин Н-ын 5 ханатай гэр, 3х7 метрийн хэмжээтэй малын хашаа 04.09-ний өдрийн 03:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 04.09-ний өдрийн 07:43 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогч Т.Цэдэвсүрэнгээр ахлуулсан орон нутгийн 13 иргэн, 3 автомашинтайгаар 1 цаг ажиллаж бүрэн унтраасан тухай тус сумын Засаг дарга Г.Эрдэнэбат аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км/ 1 дүгээр гудамжинд иргэн Э /4 настай, эрэгтэй/ 03.22-ны өдрийн 17:00 цагийн орчим “Сэлэнгэ” голын эрэг дээр тоглож байгаад сураггүй алга болсон, голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 22:55 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 23-25-ны өдрүүдэд зохион байгуулж, цагийн нөхцөл байдлаас шалтгаалж түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулах тухай орон нутгийн удирдлага болон, ар гэрийн хүсэлтийг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр 04.09-ний өдөр дахин эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 автомашин, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашин, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Ууганбаяраар ахлуулсан орон нутгийн 20 хүн, 4 автомашин, нийт 31 хүн, 1 эрэлч нохой, 6 автомашинтайгаар 04.09-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 04.09-ний өдрийн байдлаар Таримал багийн “Урд салаа” гэдэг газраас “Шивэрт” гэдэг газар хүртэл “Сэлэнгэ” голын эрэг дагуу 3.5 км-т явганаар самналт хийж, 800 метрт завиар урсаж, 4 метрийн гүнд 3 удаагийн шумбалтыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 04.10-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top