11 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийж буй төрийн айлчлалын үеэр нийт 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүнд:

  1.  Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен нар,
  2. БНХАУ-ын Засгийн газрын 2016 онд олгох 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн солилцох захидалд /рентген/ Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен нар,
  3. БНХАУ-ын Засгийн газрын 2016 онд олгох 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн солилцох захидалд /ой, хээрийн түймэр/ Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен нар,
  4. Худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол улсын Аж үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт Монгол улсын Аж, үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучен нар,
  5. Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт, импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрт Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНХАУ-ын Экспорт, импорт банкны захирал Лиу Ляньгө нар,
  6. Шивээ-Овоо төслийн ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг хариуцан гүйцэтгэх тухай Монгол улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ кордораци хоорондын гэрээнд Монгол улсын Эрчим хүчний сайд Д.Зоригт, БНХАУ-ын Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпорацийн ерөнхий захирал Шу Инбяо нар,
  7. Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-ын Экспорт, импорт банкны захирал Лиу Ляньгө нар,
  8. Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт  Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-ын Экспорт, импорт банкны захирал Лиу Ляньгө нар,
  9. Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг Монгол улс БНХАУ-д экспортлох, импортлох хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Монгол улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын санамж бичигт Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дарга Жи Шупин нар,
  10. Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах тухай Монгол улсын ИНЕГ, БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газар хоорондын хэлэлцээрт Монгол улсын ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, БНХАУ-ын Иргэний нисэхийн газрын дарга Ли Зясян нар,
  11. Хамтын ажиллагааны тухай Монгол улсын ХХБ болон Хятадын Хөгжлийн банк хоорондын хэлэлцээрт Монгол улсын ХХБ-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, БНХАУ-ын Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ху Хуайбан нар тус тус гарын үсэг зурлаа.

БНХАУ-ын дарга Си Жиньпиний 2014 онд Монгол улсад хийсэн айлчлалын үеэр 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан.

Эх сурвалж: www.politics.news.mn

Д.НАРАНТУЯА

scroll to top