Хуурайшилттай салхи, шуургатай байгаа энэ үед иргэдийн сонор сэрэмжтэй байх улирал эхэлжээ. Сүүлийн өдрүүдэд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гал түймэр ихсэх хандлагатай байгаа бөгөөд өөрийн болон бусдын эд хөрөнгийг хохироох эрсдэл ч бий.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Яргайтын Богинын аманд дөрөвдүгээр сарын 7-ны өдөр шар өвс шатаж дөрвөн га газар, найман айлын байшин түймэрт өртөж, хоёр айлын байшин үнс болж хувирав. Гэхдээ энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйл гэхээс илүүтэй иргэдийн санамсар болгоомжгүй байдал, хайхрамжгүй зангаас үүдэлтэйг албаныхан анхааруулж байна.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд энэ амралтын өдрүүдэд Майхан толгойн зусланд гал гарч нэг айлын байшин хайрагджээ. Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлснээр хэрэв гал унтраах алба хаагчид дүрэлзсэн галыг шуурхай унтраагаагүй байсан бол арван айлын байшин шатаж, эд хөрөнгөөр хохирох эрсдэлтэй байсныг сануулав. Мөн нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага долоо, үүнээс обьектын гал түймрийн хоёр, шар өвс шатсан дуудлага тав иржээ. Чингэлтэй дүүргийн 19-р хороо Дээд салхитад шар өвс шатааж байгаад гал алдаж гурван га газар шатсан байна.
ХАШААНДАА ШАР ӨВС ШАТААВАЛ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТОРГОНО
Улсын хэмжээнд он гарснаас хойш эхний гурван сарын байдлаар 772 удаагийн ахуйн гал түймэр гарч, 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 33 хүн нас барж, 372 толгой мал хорогдож, 456 гэр орон сууц шатсан байна.
Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 395 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 14.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 35.7 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 27.3 хувиар өссөн байна. Харин Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн найман суманд найман удаагийн ой, хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 22 га ой, 14810 га хээр нийт 14 мянга 832 га талбай түймэрт өртсөн байна. Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.
Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байгаа юм.
Өвс шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан бол Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэл тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэдэг. Тухайлбал, дээрх хуулийн 5-ын 14-д иргэний үүргээ биелүүлээгүй бол, 15-ын 2-т хууль ёсны алба хаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй гэдгээр иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болон нөхөн төлбөр олгуулахаар заажээ.
Дашрамд дурдахад хөл хорионы үеэр иргэд зуслангийн байшин болон гэртээ цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гэртэйгээ шатаж амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд ч бүртгэгджээ. Өнгөрсөн онд гал түймрийн улмаас 54 хүн амь насаа алдсан тоон мэдээлэл бий.
Энэ он гарсаар:
- Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын аманд энэ сарын 2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр гал гарсан. Гал түймэрт нийт найман айлын зуны байшин өртөж, хоёр байшин хайрагдсан бөгөөд алба хаагчид түймрийн аюулаас 38 айлын байшин болоод ногоон бүсийг авран хамгаалжээ.
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт иргэн М-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага 2020 оны гуравдугаар сарын 18-нд бүртгэгджээ. Уг гал түймэрт 4 настай эмэгтэй М, 1 нас 9 сартай эмэгтэй С нар өртөж харамсалтайгаар нас баржээ. Аврагчид хүүхдүүдийн цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн аж.
- Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн Хялганат гэдэг газарт 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдөр иргэн Г-ийн өвлийн байшин шатжээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд нийлж, галыг таван цаг ажиллаж байж унтраасан байна. Харамсалтай нь уг гал түймрийн улмаас гэрийн эзэн 42 настай эрэгтэй, 14, 6 настай хоёр хүүхэд нас барж, 17, 15 настай хоёр эмэгтэй 70 хувийн түлэгдэлтэй биеийн байдал нь хүнд байгаа аж.
- Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд иргэн Д-гийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 21-ний өдөр бүртгэгджээ. Харамсалтай нь гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн 57 настай эрэгтэй Э, 34 настай эрэгтэй Д, 31 настай эмэгтэй О, 10 настай С, нэг сартай нярай галд өртөж нас барсан аж. Шалгалтаар гэрт гарсан гал нь цахилгааны богино холбоо үүссэнээс болсон нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
НИЙТ ДУУДЛАГЫН 90 ОРЧИМ ХУВИЙГ ОБЪЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР ЭЗЭЛЖ БАЙНА
НОБГ-ын Гамшгаас хамгаалах хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгээс сүүлийн өдрүүдэд гарсан гал түймрийн талаар тодруулав. Тэрбээр “Нийслэлийн онцгой байдлын газарт ирж байгаа дуудлагын 90 орчим хувийг объектын гал түймэр эзэлж байна. Сүүлийн үед шар өвс шатаасан дуудлага эрс нэмэгдэж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд шар өвс шатсан 34 дуудлага ирсэн. Тухайлбал, Богд уулын хоёр аманд гал гарсан. Зайсангийн ам талд нэг га газар, баруун талд буюу Хүннү маллын зүүн урд Хүйсийн аманд нэг га газар шатсан. Богд уулын баруун аманд гарсан түймрийг бага насны хүүхдүүд чүдэнзээр тоглож байгаад гал алдсан гэдгийг тогтоож, цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мөн Чингэлтэй дүүргийн далан давхрын оршуулгын газарт хоёр удаа шар өвсний түймэр гарсан. Нийтдээ таван га газар шатсан. Энэ түймэр далан давхрын залгаа байсан айлууд руу орох эрсдэлтэй байсан.Шар өвсний түймрийг юунаас болж гарсан гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоож буруутай этгээдэд хариуцлага тогтоох ёстой. Торгуулийн арга хэмжээ авна. Онц ноцтой санаатай шатааж, их хэмжээний хохирол учруулж, хүний амь насанд хүрсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуультай” гэдгийг тодотгов.
Шар өвсний түймрийг юунаас болж гарсан гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоож буруутай этгээдэд хариуцлага тогтоох ёстой. Торгуулийн арга хэмжээ авна. Онц ноцтой санаатай шатааж, их хэмжээний хохирол учруулж, хүний амь насанд хүрсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуультай” гэдгийг тодотгов.
Эх сурвалж: news.mn