Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн зарим нутагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун тайван байлаа.

   Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Цэлмэг. Салхи өмнөөс 6-11 м/с. Өдөртөө 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд Хөвсгөлийн уулс болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй хур тунадас, 13-14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 12-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-15-нд зарим газраар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. 13-аас төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 49 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 10:07 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 10:13 цагт очиж, иргэн М-ын амбаар шатаж, 5 ханатай гэрийн баруун хэсэг галын дөлд хайрагдсан, иргэн М-ын байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.       

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Давсны булагийн 64 дүгээр гудамжинд автомашин, өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 04.10-ны өдрийн 14:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 14:19 цагт очиж, иргэн Д-ийн 10 метр хашаа, улсын дугааргүй экскаватор, 1 га талбайн өнжмөл өвс шатаж, 5 ханатай гэрийн урд хэсэг галын дөлд хайрагдсан, иргэн Ч-ийн 11 метр хашаа, нүхэн жорлон, иргэн О-ийн 20 метр хашаа тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 14:27 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 14:30 цагт очиж, иргэн А-ийн 4 ханатай гэр, амбаар тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.      

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 26 дугаар гудамжинд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 14:53 цагтхүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 15:01 цагт очиж, иргэн Б-ийн амбаар, 7 метр хашаа, хураалгаатай мод, 0.7 га талбайн өнжмөл өвс, иргэн О-ийн 3 метр хашаа, 0.7 га талбайн өнжмөл өвс, иргэн Б-ийн 9 метр хашаа, 0.7 га талбайн өнжмөл өвс, иргэн Ө-ын 6 метр хашаа, 0.7 га талбайн өнжмөл өвс, иргэн Г-ын 0.7 га талбайн өнжмөл өвс тус тус шатаж, иргэн Б-ийн 5 ханатай гэрийн зүүн хэсэг галын дөлд хайрагдсан байсныг 1 цаг ажиллаж унтраасан.       

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хийдийн 20 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 16:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 16:21 цагт очиж, иргэн М-ын 5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.         

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 10 дугаар хэсгийн 2 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 16:57 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 17:02 цагт очиж, иргэн О-ын хашаа, түлээний амбаар, хураалгаатай банз шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.      

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн Хилийн 0198 дугаар ангийн хашаанд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 02:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 02:23 цагт очиж, модон зоорь шатаж байсныг 2 цаг 34 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/:Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн 1 дүгээр гудамжны 326 тоотод /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км/ иргэн Э /4 настай, эрэгтэй/ 03.22-ны өдрийн 17:00 цагийн орчим Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад сураггүй алга болсон, голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 22:55 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 23-25-ны өдрүүдэд зохион байгуулж, цагийн нөхцөл байдлаас шалтгаалж түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулах тухай орон нутгийн удирдлага болон, ар гэрийн хүсэлтийг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр 04.09-ний өдөр дахин эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 11 алба хаагч, 1 эрэлч нохой, 2 автомашин, 2 завь, сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Ууганбаяраар ахлуулсан 20 иргэн, 4 автомашин, нийт 31 хүн, 1 эрэлч нохой, 2 завь, 6 автомашинтай 04.10-ны өдрийн байдлаар Таримал багийн Урд толгой гэдэг газраас Бандийн-Арал, Хангал сумын Хялганатын гүүр гэдэг газар хүртэл Сэлэнгэ голын эрэг дагуу 28 км-т явганаар самналт хийж, 35 км-т завьтай урсаж, 4 метрийн гүнд 8 удаагийн шумбалтыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 04.11-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Бусад: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн 1 дүгээр хэсгийн дулаан дамжуулах шугамын худагт 1 үхэр унасан тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 18:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 8 алба хаагч, 1 автомашинтай 47 минут ажиллаж, 2х1.5 метрийн хэмжээтэй худгаас үхрийг татан гаргаж, тус сумын 4 дүгээр багийн Мал эмнэлгийн эмч О.Сувдаад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

        

             

  

         

           

 

scroll to top