Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Орхон, Хөвсгөл аймгийн зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, зарим газраар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр хүйтэрч 1-6 градус, Их нууруудын хотгор болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар хүйтэрч 7-12 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч шороон шуурга шуурч, 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 15, 16-нд говь, тал хээрийн нутгаар, 17-д зарим газраар 14-16 м/с, 18-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 15, 16-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар сэрүүсч Увс нуурын хотгор Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо “Чандмана Налайх” ХХК суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 13:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 13:09 цагт очиж, иргэн Л-ийн эзэмшлийн “Марк 2” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Өлзийт” хорооллын 2 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 14:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 16 км замыг туулан 15:13 цагт очиж, иргэн М-ын эзэмшлийн “Спринтер” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнийн 1 дүгээр гудамжны задгайд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 15:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 16:02 цагт очиж, иргэн Х-ын 10 метрийн урттай хашаа, 2 га талбайд өнжмөл өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 7 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 18:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км замыг туулан 18:46 цагт очиж, иргэн А-ийн 3 метрийн урттай хашаа, иргэн Н-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 4 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Хужирт багийн Хийдийн 1 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 16:19 цагт очиж, иргэн Б-ын эзэмшлийн 28х30 метрийн хэмжээтэй хашаанд өнжмөл шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Шивэрт хүрэн цохио”  гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ Малчин О-ын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 35 км замыг туулан 18:00 цагт очиж, 8х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай багийн Минжийн хангайн хэсэгт өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 18:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4км замыг туулан 18:55 цагт очиж, иргэн М-ын 10х20 метрийн хэмжээтэй өвөлжөөний дээврийн хэсэг, 1.5 тн өвс шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Өлийтийн 12 дугаар гудамжинд иргэн Ж-ын амбаар шатаж байна гэсэн дуудлага 04.13-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 19:04 цагт очиж, 1.5х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн “Ухаан-Овоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 80 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.13-ны өдрийн 11:17 цагт хүлээн авсан.  Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, С.Галбадрахаар ахлуулсан нутгийн захиргааны байгууллагын 8 ажилтан, 1 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 12:35 цагт бүрэн унтраасан. Гал түймэрт 22 га талбай шатсан.    

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Шилийн худаг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 80 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.13-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч,1 автомашин, Баянтүмэн сумын Цагаан дэрс багийн Засаг дарга Н.Болдбаатараар ахлуулсан орон нутгийн 8 хүн, 1 автомашин, Матад сумын Буян-Өндөр багийн Засаг дарга Б.Нарангэрэл ахлуулсан орон нутгийн 12 хүн, 1 автомашин, нийт 32 хүн, 3 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 20:00 цагт бүрэн унтраасан. Гал түймэрт 270 га талбай шатсан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Сүүл сэрвэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 395-т, сумын төвөөс зүүн зүгт 175 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.13-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0146 дугаар 19 алба хаагч, 3 автомашин, 1 мотоцикл, нийт 31 хүн, 4 автомашин, 1 мотоциклтойгоор ажиллаж, 04:14-ний өдрийн 04:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. /Урьдчилсан байдлаар түймэрт 6000 га талбай шатсан/

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Амиа хорлолт /аврах/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хүннү вилла” хотхоны 2/А байранд иргэн Э/15 настай, эмэгтэй/ гэрийнхээ хаалгыг дотроосоо түгжээд амиа хорлож болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 04.13-ны өдрийн 18:14 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 18:23 цагт очиж, хаалгыг онгойлгон иргэн Э /15 настай, эмэгтэй/-г тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч У.Банзрагчид хүлээлгэн өгсөн.    

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн Барилгын хорооны 14, 15 дугаар гудамжны айл өрх шар усны үерт автаж болзошгүй байна гэсэн мэдээллийг 04.13-ны өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 14 алба хаагч, 2 автомашин, сумын Засаг даргын Тамгын газрын 15 албан хаагч, 1 автомашин, Хот тохижилт, үйлчилгээний газрын 1 ажилтан 1 автомашин,  орон нутгийн 10 иргэн, нийт 40 хүн, 4 автомашинтайгаар 2 цаг 40 минут ажиллаж, 110 метр урт, 1 метрийн өндөр шороон далан босгож, 700 тн шар ус соруулан гадагшлуулж аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top