1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дархан-Уул, Хэнтий аймгийн нутгаар бороо, цас орж, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын нутгаар шороон шуурга, шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр 11-16 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч цасан шуурга шуурна. 4-6 градус дулаан байна.
Төлөв байдал: 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно. 16-нд говь, тал хээрийн нутгаар, 17-д баруун аймгуудын зарим газраар 13-15 м/с, 18-нд ихэнх нутгаар,19-нд нутгийн зүүн хагаст зарим үед 15-17 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр дулаан, бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүсч Увс нуурын хотгор Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багт иргэн Д-ийн “Наадаан” амралтын газрын нойлын өрөөнд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 12:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 12:41 цагт очиж, нойлын өрөөний таазны хэсэг шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 24 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 14:11 цагт очиж, иргэн Э-ийн байшингийн дээвэр шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн “Дугуй булаг”-ийн 9 дүгээр гудамжинд өвөлжөөний саравч шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 15:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:13 цагт очиж, иргэн Э-ын 5 ханатай гэр, 4 ханатай гэр, өвөлжөөний саравч, 11 хурга, 19 ишиг, нийт 30 төл мал шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Сүүл сэрвэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 395-т, сумын төвөөс зүүн зүгт 175 км-т, N 46°23’49.06″, E 117°03’09.94/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.13-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 04.14-ний өдрийн 04:30 цагт цурамд оруулж, 09:50 цагт хээрийн түймрийг унтраасан.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Аман-Ус багийн “Тэвх” гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 207 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 47 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хилийн 0184 дүгээр ангийн алба хаагчид болон Наран сумын иргэд ажиллаж, хээрийн түймрийг мөн өдрийн 20:05 цагт цурманд оруулж, 20:20 цагт бүрэн унтраасан.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан-Уул” гэдэг газарт /аймгийн төвөөс хойд зүгт 250 км-т, сумын төвөөс хойд 60 км-т/ Монгол Улсын 836 дугаар тэмдэгтээр ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн 0287 дугаар ангийн алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 23:45 цагт хээрийн түймрийг унтраасан.
4. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Өндрөөс аврах: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн “Ногоон хотхон” хорооллын 103 дугаар 5 давхар байрны дээврээс эмэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 15:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15:51 цагт очиж, 5 минут ажиллаж, тус аймгийн Эрдэнэцагаан сумын иргэн М /21 настай, эмэгтэй/-г эсэн мэнд буулгаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
5.Мэдээлэл:
Бусад төрлийн мэдээлэл: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Шувуут багийн “Шувуутын-Ам” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 52 км-т, сумын төвөөс баруун зүгт 17 км-т/ тус багийн харьяат малчин Б-ын өвөлжөөний хашаа, төлийн 2 пүнз, 38 хурга, 21 ишиг 04.13-ны өдрийн 17:30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 04.14-ний өдрийн 09:15 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд 6 цаг ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын ЗДТГ-ын дарга З.Батдорж аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Хэнтий аймгийн Биндэр сумын Баян-Өндөр багийн “Давааны-Ар” гэдэг газарт /аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс урд зүгт 3 км-т/ Тус багийн харьяат малчин Ц /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 04.12-ны өдрийн 23:00 цагийн орчим ээж Ш-аас гэр рүүгээ явна гэж гараад сураггүй болсон тухай мэдээллийг 04.14-ний өдрийн 15:18 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд 04.13-ны өдрийн 23:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тухай мэдээллийг сумын ЗДТГ-ын дарга Р.Бадрах аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Увс аймгийн Ховд сумын Ховд багийн 3 дугаар гудамжинд иргэн З-ийн 6 ханатай гэр 04.14-ний өдрийн 21:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 21:32 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын ЗДТГ-ын дарга Л.Лхагвасүрэн аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР