Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаабаатар хот болон Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймгуудын зарим газраар хур тунадас орсон. Баянхонгор, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий аймгуудын зарим газраар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Увс нуурын хотгор болон Дарьгангын тал нутаг, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь,  Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.   

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар, 19, 20-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно. Салхи 18-нд ихэнх нутгаар, 19, 20-нд нутгийн зүүн хагаст түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр дулаан, бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө  3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Нарс” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 25 км-т/ “Нарс мод” ХХК-ийн хашаанд хураалттай түлшний мод шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 12:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн  алба хаагчид 25 км зам туулан 12:41 цагт очиж 27 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Задгай”-д иргэн Х-ын хашаанд хураалттай банз шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 09:19 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 09:33 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Буянт сум Өмнөгол багийн “Хүйтэн хөтөл” гэдэг газар /Өлгий сумын төвөөс урд зүгт 13 км-т/ иргэн Е-ын 12х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн  алба хаагчид 13 км зам туулан 17:34 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн 3 дугаар гудамжинд   иргэн Г-ын хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 15-ны өдрийн 17:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн  алба хаагчид 7 км зам туулан 18:00 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн 3 дугаар  гудамжинд иргэн Б-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 21:45 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарч Монгол Улсын хилийн 846-849 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэр лүү орсон тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0275 дугаар ангийн алба хаагчид болон Баяндун, Баян-Уул сумын иргэд хамтран хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Хүчтэй салхи, шуурга: Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн “Хэрэйн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ 04.15-ны өдрийн 04:00 цагийн орчимд салхины хурд 18 м/с хүрсний улмаас Хилийн 0287 дугаар ангийн 5 дугаар заставын хүнсний агуулах, зочид буудал, соёлын төвийн байрны хар цаасан дээвэр хууларсан. Мэдээллийг тус ангийн жижүүр хошууч Д.Сэнгэдорж мөн өдрийн 18:15 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.          

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уурхайчин багийн 5 дугаар гудамжинд тус сумын нутгаар 04.15-ны өдрийн 15:00 цагийн орчимд салхиний хурд 21 м/с хүрсний улмаас иргэн О-ын 5 ханатай гэр нурсан.  Мэдээллийг мөн өдрийн 18:00 цагт тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Батбаатар аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаан бэлчир багийн “Уулын- Өвөр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат малчин Д-ийн 4х7 метрийн хэмжээтэй өвөлжөө 04.15-ны өдрийн 07:00 цагт шатсан.  Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Батдорж мөн өдрийн 09:33 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн “Эрдэнийн бууц”  гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 28 км-т/ тус сумын харьяат малчин Л-ийн 5 ханатай гэр 04.15-ны өдрийн 15:00 цагт шатсан. Мэдээллийг тус сумын Засаг дарга М.Ганболд мөн өдрийн 17:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

                          

scroll to top