Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Идэр, Тэс,  Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор,  Алтайн өвөр говь,  говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн саваар 15-20 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, 19, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-19-нд ихэнх нутгаар, 20-21-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “34 дүгээр точик” задгайд иргэн Т-ын 12х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 17 км замыг туулан 11:48 цагт очиж 2:34 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47 дугаар гудамжинд иргэн Г-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 04.16-ны өдрийн 17:19 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 17:23 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Б /39 настай, эрэгтэй/ өртөж нас барсаныг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот багийн 27 дугаар гудамжинд иргэн С-ийн 4 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 02:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 02:09 цагт очиж 10 минут цаг ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн “Тойнбаян-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 210 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.16-ны өдрийн 18:23 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд 19:45 цагт түймрийн голомтод очиж 22:46 цагт түймрийн тархалтыг зогсоосон бүрэн унтраахаар ажиллаж байна. Ойн нөхөрлөлийн мод цэвэрлэж, тусгаарласан 20 га өртөж талбай шатсан.

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарч Монгол Улсын хилийн 846-849 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэр лүү орсон тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. ОБЕГ, Үндэсний аврах бригад, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0275 дугаар ангийн алба хаагчид болон Баяндун, Баян-Уул Цагаан-Овоо, Сэргэлэн, Дашбалбар сумын иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг “Энхтал” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 12 км, аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км/ хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ой, хээрийн түймрийн хяналтын цэгт үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг хүргэхээр явах замд хээрийн түймэр гарч байгааг илрүүлэн орон нутгийн иргэд ажиллаж мөн өдрийн 16:40 цагт түймрийг цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км/ “Уулст Заамар” ХХК-ийн алтны уурхайн хиймэл нууранд автомашин осолдсон тухай дуудлагыг 23:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 190 км замыг туулан 05:56 цагт Лүн суманд очоод 06:20 цагт Заамар сум руу хөдөлсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top