Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын зарим нутгаар хур тунадас орж, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь аймгуудын зарим нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, нутгийн баруун хагаст 14-16 м/с, зүүн хагаст 18-20 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 0 градус орчим байна.

Төлөв байдал:  20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 20, 21-нд нутгийн зүүн хагаст 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын талаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Монгол Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна. Өдөртөө 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн 5 дугаар хэсэгт боодолтой өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид 1.8 км замыг туулан, 14:08 цагт очиж, иргэн Х-ын 1тн өвс шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.       

    Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир багийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 14:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 1.8 км замыг туулан 14:41 цагт очиж, иргэн Б-ын амбаар, иргэн П-ийн 2 амбаар шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан. 

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 18 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 19:32 цагт очиж, иргэн Г-ын улсын бүртгэлгүй, “Аксент” загварын суудлын автомашины дугуй шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны өргөтгөл шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 22:19 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 22:25 цагт очиж, тус байрны 6 дугаар орцын өргөтгөл хэсэгт иргэн Д-ын 2х4 метрийн хэмжээтэй өрөөнд хэрэглээний газ дэлбэрч эд зүйлс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /23 настай, эрэгтэй/-ын 2 гарын сарвууны хэсэг түлэгдсэн байсныг НТТТөвд хүлээлгэн өгсөн.    

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багийн “Борхойн” 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн  00:24 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан  00:27  цагт очиж, иргэн Т-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.     

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн “Тойнбаян-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 210 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.16-ны өдрийн 18:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллан, 04.17-ны өдрийн 22:46 цагт түймрийн тархалтыг зогсоосон. 04.18-ны өдрийн 07:30 цагт цурамд оруулж, 21:04 цагт түймрийг унтраасан.

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарч Монгол Улсын хилийн 846-849 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэрт орсон тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн 275 дугаар анги, Баян-Уул, Баяндун сумын иргэд ажиллаж, 04.18-ны өдрийн байдлаар түймрийн зүүн болон урд, баруун талын тархалтыг зогсоосон. “Хоовон даваа” гэдэг газраас “Хустайн хүзүү” гэдэг газар хүртэл, “Шивэрийн-Ам”-ын заставын баруунаас хойд чиглэлд цурав тавьж түймрийг унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн “Энхтал” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 12 км, аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км/ хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хагчид, орон нутгийн иргэд, “Болдтөмөр-Ерөө“ ХХК-ийн ажилчид ажиллаж, 04.17-ны өдрийн 16:40 цагт түймрийг цурамд оруулж, 04.18-ны өдрийн 14:30 цагт унтраасан.

Төв аймгийн Жаргалант сумын Загдал багийн “Шар хөтөл” гэдэг газарт /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 13:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 15:18 цагт хээрийн түймрийг унтраасан.

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Тээг багийн “Бөгтөрийн нуруу” гэдэг газарт /сумын төвөөс баруун зүгт 13 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 82 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 20 дугаар ангийн алба хаачгид, орон нутгийн иргэд 3 бүлэгт хуваагдан ажиллаж, 04.19-ний өдрийн 07:00 цагт цурманд оруулж, унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Цогцос гаргах: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ах хустау багийн “Ховд” голын мөсөн дээр цогцос байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 08:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид очиж Б/41 настай, эрэгтэй/-ы цогцсыг гаргаж, цагдаагийн  байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

               

scroll to top