Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос 5-10 м/с, зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 2-7 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчим, говийн аймгуудын нутгаар 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос 6-11 м/с, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 24-26-нд нутгийн зүүн хагаст 13-15 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 4-9 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын талаар 10-15 градус, Монгол Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 10:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 11:02 цагт очиж, иргэн Ц-ын эзэмшлийн 5х6 метрийн хэмжээтэй байшин, 4х4 метрийн хэмжээтэй гарааш тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ой, хээрийн түймэр: Завхан аймгйин Баянтэс сумын Хачиг багийн “Бургастайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 320 км-т, сумын зүүн хойд зүгт 30 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид Баянтэс сумын Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 20:25 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 20 га талбай шатсан./

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Чандмань сумын Чандмань-Уул багийн “Замт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 42 км-т, Ө-98052’, У-45028’/ 04.21-ний өдрийн 06:14 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГСХ-ээс цахим шуудангаар 07:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Самбуугаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн “Цагаан нуга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ тус сумын харьяат иргэн Ц /37 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 04.12-ны өдрийн 23:00 цагийн орчимд сумын төв дэх ээжийнхээсээ гэрлүүгээ явна гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 10:00 цагт эхлүүлсэн. 04.21-ний өдрийн байдлаар тус сумын Онон багийн “Намын даваа” гэдэг газраас “Хурхын боом” гэдэг газар хүртэл нийт 55 км-т “Онон” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. 04.22-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top