Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, Халх голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.  Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, говь, тал хээрийн бүс нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Дорнод, Дарьгангын  тал нутгаар 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон Сэлэнгийн сав газраар 19-24 градус,  бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25, 26-нд говь, тал, хээрийн бүс нутгаар, 28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 25-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д “Платиум ганга” ХХК-ийн 40х20 метрийн хэмжээтэй сэндвичин барилга шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 16:08 цагт хүлээн авсан Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 7.5 км зам туулан 16:17 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны 33  дугаар байр 5 давхар орон сууцны барилгын дулаалгын хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 10:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 10:03 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны “Хужирбулан”-гийн 15 дугаар гудамжинд иргэн Б-ын хашааны банз, шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 12:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 12:52 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Баянхайрхан”-ы 24 дүгээр гудамжинд иргэн Н, иргэн У, иргэн Д нарын 25 метр урттай банзан хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 12:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 12:46 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Шадивлан” зуслангийн “Задгай”-д шар өвс шатсаны улмаас зуслангийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 13 км зам туулан 14:20 цагт очиход иргэн Ш-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшин, Г-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин, 2 га орчим ой шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан. Мөн 1 зуслангийн байшин галын дөлд хайрагдсан бөгөөд ойролцоох 14 байшинд тархан шатаж болзошгүй байсан тул нэмэлт дуудлагаар мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид16 км зам туулан 14:45 цагт очиж 25 минут,  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 22 км зам туулан 15:53 цагт очиж 20 минут тус тус ажиллаж галын тархалтыг зогсоосон.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 72 дугаар байрны иргэн Д-ийн тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 14:14 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 14:17 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Богд хан-Уул”-ын “Жаргалантын-Ам”-нд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан.  ОБЕГ, Үндэсний аврах бригадын алба хаагчид 1 км зам туулан 16:50 цагт очиж 1 цаг, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 15 зам туулан 17:04 цагт очиж 20 минут, Гал түймэр унтраах 14 дүгээр ангийн алба хаагчид 23 км зам туулан 17:15  цагт очиж 3 цаг 40 минут тус тус ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн “Баатарчууд”-ын  хэсэгт иргэн Г-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж  байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан  19:48 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн “Эрхүүд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 190 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ малчин С-ийн 6х6 метрийн хэмжээтэй өвөлжөө хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн  алба хаагчид 30 км зам туулан 00:46 цагт очиж 2 цаг 6 минут ажиллаж унтраасан. 

3. Ой, хээрийн гал түймэр:

Ойн түймэр: Төв аймгийн Жаргалант сумын Загдал багийн “Шанаган бүрхтий” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.23-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 20:10 цагт цурамд оруулсан.  Уг гал түймэрт 10 га ойн талбай шатсан.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн “Тарвагатайн-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 01:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж  мөн өдрийн 06:50 цагт цурамд оруулсан. 

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Яргайтын тохой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 55 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.23-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Хилийн 0130 дугаар ангийн алба хаагчид болон орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 18:10 цагт унтраасан. Уг гал түймэрт 1 га орчим талбай шатсан.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Баянгол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т,  сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Зэд Хантай Бүтээлийн Нуруу”-ны Дархан цаазат тусгай хамгаалалттай газрын захиргаа, орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж 04.23-ны өдрийн 22:17 цагт унтраасан. Уг гал түймэрт 700 га ойн талбай шатсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн “Цагаан нуга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ тус сумын харьяат иргэн Ц /37 настай, эрэгтэй/, 04.12-ны өдрийн 23:00 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сумын төв дэх ээж Ш-нхаас гэрлүүгээ явна гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 04.23-ны өдрийн байдлаар тус сумын Онон багийн “Яргуйтын хавцал” гэдэг газраас “Өндөр даваа” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар, мөн “Цагаан нуга” гэдэг газраас “Хар-Ус” гэдэг газар хүртэл 10 км-т   “Онон” голоор завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон. 04.24-ний өдрөөс эхлэн Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа явуулна.

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Дэнж багийн 2 дугаар гудамжинд иргэн Б-ийн 6х12 метрийн хэмжээтэй, О-ийн 6х10 метрийн хэмжээтэй байшин 04.24-ний өдрийн 03:00 цагт шатсан.  Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрындарга Б.Ялалт мөн өдрийн 05:14 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

scroll to top