Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:    Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:   Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.  Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с. Алтайн салбар уулс болон говь талын нутгаар 12-14 м/с хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнодын тал нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Өдөртөө 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал:  5 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 2-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 30-нд Алтайн салбар уулсаар, 5 дугаар сарын 1-нд зарим газраар, 02-нд говь, тал хээрийн нутгаар 15-17 м/с хүрч, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 5 дугаар сарын 1-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 3-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, тоосгоны 12 дугаар гудамжинд байшингийн үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 02:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 02:26 цагт очиж, иргэн Д-ийн байшингийн үүдний амбаарын дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.   

Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Худгийн-Амны 2 дугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 15:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 16:02 цагт очиж, иргэн Ц-ын нүхэн жорлон шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.     

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Цагаан хаалганы гүүрийн дэргэд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 16:26 цагт очиж, иргэн Ч-ын “Пажеро” загварын суудлын автомашины моторын хэсэг шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн “Жимсний станц” гэдэг газарт өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:00 цагт очиж, иргэн О-ын чацарганын талбайн өнжмөл шар өвс шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 20:33 цагт хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 20:43 цагт очиж, иргэн Ш-ын 5 ханатай гэр, иргэн Б-ын 2 амбаарын дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухрын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 4.29-ний өдрийн 00:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 01:07 цагт очиж, иргэн Ж-ын байшингийн дээвэр шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.             

    3. Ой, хээрийн гал түймэр:    

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Ямаат багийн “Хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 28 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид болон орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраахаар ажиллаж, 04.27-ны өдрийн 23:50 цагт цурамд оруулсан. 04.28-ны өдөр цурмыг цэвэрлэн, хөвд, модны үндсэнд шатлаг явагдаж байгааг унтраахаар ажиллаж байна.

Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн “Мухар” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн зүгт 19 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 04.28-ны өдрийн 13:00 цагт цурамд оруулж, түймрийг унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Гахайн даваа” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 55 км-т, сумын төвөөс урд зүгт 60 км-т / ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 12:50 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 17:59 цагт цурамд оруулж, 19:30 цагт түймрийг унтраасан.

Архангай аймгийн Цахир сумын Баянбулаг багийн “Бөөрөг дөрөө хангинах” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км-т, сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна.

Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн “Улиатай” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км, сумын төвөөс баруун урд  зүгт 45 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Мойлт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 138 км/ Жаргалант сумын нутагт дамжин тархсан. Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 12:57 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Цагдаагийн газар, БОУЖГ-ын алба хаагчид, Баянцогт, Жаргалант сумын иргэд 04.28-ны өдрийн байдлаар 4 бүлэгт хуваагдан ажиллаж, мөн өдрийн 09:00 цагт цурамд оруулж, түймрийг унтраахаар ажиллаж байна.       

   Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн “Ихэр”  гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 52 км-т, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 92 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, Их-Уул сумын иргэд ажиллаж, 04.28-ны өдрийн 19:11 цагт цурамд оруулсан. Цурам дотор унанги мод ихтэй, салхи их байгаа тул цэвэрлэн ажиллаж байна.    

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын “Зайсангийн-Ам”-ы баруун тал Дүнжингаравын нэгдүгээр хэсэгт ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Онцгой байдлын байгууллага, Богдхан-Уулын дархан цаазат газрын захиргааны алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж, 04.26-ны өдрийн 13:20 цагт цурамд оруулсан. 04.28-ны өдрийн байдлаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар ангийн алба хаагчид цурмыг цэвэрлэн ажиллаж, мөн өдрийн 18:05 цагт түймрийг унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан-Уулын “Арцатын-Ам”-д ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 15:17 цагт хүлээн авсан.   Онцгой байдлын байгууллага, Богдхан-Уулын дархан цаазат газрын ажилчид ажиллаж, 04.26-ны өдрийн 17:21 цагт цурамд оруулсан. 04.28-ны өдрийн байдлаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65, 30 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид цурмыг цэвэрлэн ажиллаж, мөн өдрийн 17:30 цагт түймрийг унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн ”Урд Шивэртэйн Өвөр-Эрээн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 201 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, уулын хяр хэсэгт 20 метр газар зурвас татан түймрийн тархалтыг зогсоосон. 04.28-ны өдрийн 08:37 цагт цурамд оруулсан. Цурам дотор унанги мод, хөвд ихтэй, уугилт их байгаа тул унтраахаар ажиллаж байна.     

    Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн “Сайн-Ус” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 45 км-т/ хээрийн гал гарсан тухай мэдээллийг 04.28-ны өдрийн 17:01 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГазрын дарга Г.Ганмөнхөөр ахлуулсан ажилтнууд 40 км замыг туулан 18:25 цагт очиход орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын ЗДТГ-ын дарга Г.Ганмөнх аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.    

          5.Эрэн хайх, аврах ажиллагаа:  

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан жирээ” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ тус аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Б /60 настай, эрэгтэй/ Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 18:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийн болон орон нутгийн иргэд 04.28-ны өдрийн байдлаар 3 бүлэгт хуваагдан “Улаан жирээ” гэдэг газраас “Бүдүүний гүүр” хүртэл 60 км-т завьтай, голын эрэг дагуу 10 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 04.29-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

                     

          

 

        

          

scroll to top