БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Гантөмөртэй гавьяаныхаа амралтыг авахын өмнө нь ярилцлаа. Тэрээр Онцгой байдлын албанд тасралтгүй 25 жил ажиллах хугацаандаа 2140 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, 340 гаруй хүний амь насыг авран хамгаалсан юм.
– Онцгой байдлын албанд тасралтгүй 25 жил ажиллаад өнөөдөр алтан гараагаа хийж байна. Анх энэ байгууллагатай ажил, амьдралаа холбосон дурсамжаар тань ярилцлагаа эхэлье?
– Миний аав Тогтохдамба нь тухайн үеийн Гал түймэртэй тэмцэх байгууллагад гал сөнөөгчөөс эхлээд гал түймрийн улсын хяналтын байцаагч хүртэл ажилласан хүн. Хөлд орсон цагаасаа эхлэн аавынхаа ажил дээр очно, тэр үеийн мундаг туршлагатай гал сөнөөгч нар манай гэрээр орж гарна. Гал сөнөөгч нарыг хайрламаар, бахархмаар сайхан түүхийг сонсож өссөн. Тэр үеэс эхлээд энэ албанд дурлаж, хайрлаж эхэлсэн дээ. Улмаар 1991 онд 18 настайдаа Булган аймгийн Гал түймэр унтраах 20 дугаар ангид гал сөнөөгчөөр ороод энэ албанд өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Аав, хүү хоёр залгамж болж, 50 жил энэ албанд үүрэг гүйцэтгэсэн байна. Буянтай, бурхан шиг сайхан алба. Энэхүү удам залгасан гал сөнөөгчийн үргэлж манай гэрт бас байх шиг байна. Миний хүү одоо 11 настай. Аав шигээ гал сөнөөгч болно, харин дарга болохгүй гэж ярьдаг. Гал унтраах зориулалт бүхий автомашинуудын хүчин чадал, мото цаг гээд бүхий л үзүүлэлтийг мэднэ. Би залгамж халаагаа бэлтгэсэн гэж бодож байгаа. /инээв/
–Таны ажлын хамгийн сайхан нь юу бол?
-Нөхдийнхөө хамт галтай тэмцэж унтраагаад хүний амь нас, эд хөрөнгийг аварчихаад зогсож байх сайхан. Тэр дундаа галыг дэлгэрүүлэхгүйгээр унтраачхаад иргэдээс баярлалаа гэдэг үг сонсох хамгийн сайхан нь юм уу даа. Баярлалаа гэдэг үг урам хайрладаг, гал сөнөөгч болсноороо тэр үед маш их бахархдаг.
Энэ олон дуудлаганаас хамгийн олон хоногоор ажилласан дуудлага гэвэл?
– Ер нь дуудлага бүр хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой учраас чухал байдаг. Гал түймрийн дуудлага бүр алба хаагчдыг секунд, дойлтой уралдуулж, авхаалж самбааг нь сорьж байж хүний амь нас эд хөрөнгийг авардаг гэж ойлгож болно. Манай улсад гарч буй гамшиг, ослын дуудлагын 80 гаруй хувь нь обьектын гал түймэр байдаг. Обьектын гал түймэр дундаас орон сууцанд гарсан гал түймэр өндөр эрсдэлтэй. Гал түймэрт өртөхгүй ч гэсэн угаартаж амь насаа алдаж болно. Тиймээс бид шуурхай ажиллах ёстой. Үүний тод жишээ бол 2011 онд “Сүмбэр орд” орон сууцны хороололд гарсан гал түймэр. Тус гал түймрээс 55 хүнийг утаажилтын бүсээс эсэн мэнд гаргаж байлаа. Мөн Алтжин бөмбөгөр, Ист худалдааны төв, Нарантуул, Сандэй плаза гэх мэт томоохон гал дээр хамгийн багадаа л 48-72 цаг ажиллаж байсан даа.
– Өнөөдөр алтан гараагаа хийж байна. Энэ мөчид мөр зэрэгцэн зүтгэж байгаа болон зүтгэж байсан нөхдийнхөө талаар сайхан дурсамжаасаа хуваалцаач?
– Миний амьдралын бахархал бол миний гэр бүл, үр хүүхэд, мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэн нөхдүүд минь шүү дээ. Ганц хүн гал түймрийг унтраана гэж байхгүй гал унтраах үйл явц бол хамтын хүч. Бид чинь салаа, бүлгээрээ хамтраад хүний амь насыг аврахаас гадна, миний амь насыг бусад нөхөд минь аварна гэсэн халуун сэтгэлээр л гал, устай тэмцэнэ. Ангийн минь хамт олон бол миний гэр бүл, хань ижлээс өөрцгүй тийм л итгэлтэй нөхөд минь. Ямар сайндаа л тэтгэвэрт гарах тушаалаа аваад сайхан нөхөдтэйгөө дахин мөр зэрэгцэн алхахгүй гэж бодоод л нулимс нүдэнд дүүрч ирээд залуучуудаараа элэглүүлж сууна. Болдогсон бол ахиад дэд ахлагч цолоо зүүгээд Онцгой байдлын албандаа гал сөнөөгчөөрөө 25 жил ажиллах юмсан. Онцгой байдлын алба гэдэг чинь аварна, хамгаална гэсэн сайхан бодол, сэтгэлтэй алба хаагчдаар эгнээгээ тэлсэн сайхан алба. Ийм сайхан албанд үүрэг гүйцэтгэсэн минь энэ насны хамгийн том бахархал.
–Та бүхний ард найдвартай дэмжигч, туслагч нь мэдээж гэр бүл нь байдаг. Гэр бүлийнх нь тухай яриа өрнүүлье?
-Ам бүл дөрөв. Эхнэр хоёр хүүгийн хамт амьдардаг. Энэ албанд өдий хүртэл зүтгэсэн нь ханийн минь ач гэж бодож явдаг. Гал сөнөөгч бид нар чинь хаврын хуурайшилт ихтэй үед ой, хээрийн түймэрт олон хоногоор яваад өгнө. Тэр бүх цаг хугацаанд үр хүүхэд, ар гэрээ ганцаараа зохицуулдаг. Миний хань надад нэг удаа ар гэрээ бодсонгүй гэж гомдоллож байгаагүй. Харин ч надаас илүү бэлтгэл, бэлэн байдлыг минь хангаж өгнө. Нэг сонин жишээ хэлэхэд аранзны иж бүрдлээ өөрөө бэлтгэж үзээгүй. Эхнэр минь л бэлдчихсэн байдаг. Ийм сайхан ханийнхаа ачаар үүрэг гүйцэтгэх хугацаандаа даарч зутарч үзээгүй хүн. Онцгой байдлын алба хаагчийн эхнэр байна гэдэг тэвчээртэй уужуу сэтгэлтэй хүн байдаг болов уу гэж боддог.
–Олон жил ажилласан туршлагатай хүний хувьд залгамж халаа болсон залуучууддаа юу гэж хэлмээр байна?
Албанд тогтсон сайхан уламжлал бий. Энэ нь шинээр орж ирсэн залуучуудаа туршлагатай олон жил ажилласан гал сөнөөгч нар дааж аваад зааж сургадаг. Зааж зааварласан хүн ээ цолоор хүндэлж дуудахаас илүүтэй багш гэж хүндэлж дууддаг шүү дээ. Намайг багш гэж хүндэлж дуудаг залуус олон бий. Тэдний нэгэн Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн судлаач, доктор, дэд хурандаа Б.Энхтүвшин байна. Багшаа гэж хүндлүүлдэгтээ их бахдам байдаг даа. Онцгой байдлын алба гэдэг энэ их айлын үүдийг татаж орж ирсэн чинь энэ насны зол завшаан. Эрсдэл бүхнийг сөрөн зогсож чадах жинхэнэ монгол эр хүнийг энэ цагт бэлтгэж байгаа алба. Хэцүү үе их байх боловч тэр бүгдэд битгий шантар, бүү няц, хөдөлмөр ч бай, нөхдөө гэсэн сэтгэлтэй бай л гэж хэлэх байна даа.
Ярилцсан: Ахмад С.Должинсүрэн