Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд бага зэргийн хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүсч 12-17 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Өдөртөө 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал:  2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 2-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр, 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий болон Алтайн өвөр говиор 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 3-нд нутгийн баруун хагаст, 4,5-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шивээт 4 дүгээр багийн Шивээтийн 10 дугаар гудамжны задгайд иргэн А-ийн 10х8 метрийн хэмжээтэй мансардтай 2 давхар байшин /Хархорин сумаас баруун зүгт 50 км/ шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 08:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 09:25 очиж 35 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслангийн задгайд иргэн Б-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин, 1.5 га орчим газарт хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 13:45 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 20 дугаар гудамжинд иргэн М-ийн хураалттай 5 ханатай гэрийн 20 ширхэг унь, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 4 метр хашаа, хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 14:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 14:33 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3 дугаар багийн 2 дугаар гудамжны задгайд /сумын төвөөс баруун зүгт 6.5 км/ иргэн Д-ын 20х4 метрийн хэмжээтэй гарааш, Сузуки карри загварын /бага оврын ачааны автомашин/, мөн адил загварын улсын дугаар аваагүй автомашин, 5 ханатай гэр, түлээний модны хамт шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 16:16 цагт очиж 22 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны 7 дугаар гудамжинд иргэн Н-ийн 5 ханатай гэр, 5м3 орчим хураасан мод, 5х8 метрийн хэмжээтэй байшин, хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн 04.30-ны өдрийн 16:29 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:35 цагт очиж 20 минут, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 16:42 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг “Долоон даваа” гэдэг газар /Сайхан сумаас зүүн хойш 22 км/ малчин Б-ийн 40х35, 40х10 метрийн хэмжээтэй 2 ширхэг өвөлжөө шатаж гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 16:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 22 км замыг туулан 17:05 цагт очиж 1:04 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Агуйт 3 дугаар багийн 3б хэсгийн 10 дугаар гудамжинд иргэн Б өнжмөл өвс шатааж байгаад гал алдсан, 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 17:23 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 21 дүгээр гудамжинд иргэн Г-ийн 6х8 метрийн хэмжээтэй гарааш, 8х10 метрийн хэмжээтэй байшин, хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 17:26 цагт очиж 01:00 цаг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн Тосгоны 1 дүгээр гудамжны 2 тоотод /аймгийн төвөөс хойд зүгт 45 км/ иргэн Г-ын 22х8 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 17:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 45 км зам туулан 18:50 цагт очиж 1:55 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 12 дугаар гудамжинд иргэн З-ын 6 метр хашаа, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 83 дугаар байрны хогийн цэг тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 19:31 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 25 дугаар гудамжинд иргэн У-ын 5 ханатай 2 ширхэг гэр, Мазда Ф загварын автомашин, Хонда Эйч Ар-В загварын автомашин, Тоёота гайя загварын автомашин тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 00:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 14.5 км замыг туулан 00:54 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр:Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Ямаат багийн “Хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 28 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 23:50 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 13 га талбай шатсан./

Архангай аймгийн Чулуут сумын Халуун ус багийн “Мухар” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн зүгт 19 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 13:00 цагт цурамд оруулсан. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 20 га талбай шатсан./           

Архангай аймгийн Цахир сумын Баянбулаг багийн “Бөөрөг дөрөө хангинах” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км-т, сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 04.29-ний өдрийн 08:00 цагт цурамд оруулсан. 04.30-ны өдрийн 15:10 цагийн байдлаар ойн түймрийг унтрааж дуусган хөрсний уугилттай газрыг унтрааж байна. /Гал түймэрт урьдчилсан байдлаар ойн талбай 7 га, хээрийн талбай 13 га шатсан./

Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн “Улиатай” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн алба хаагчид “МИ-171Е” загварын нисдэг тэргээр 16:35 цагт хөөрч, мөн өдрийн 18:47 цагт түймрийн /зүүн талд/ голомтод газардсан. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 1000 га талбай шатсан./

Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Мойлт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 35 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 138 км/ Жаргалант сумын нутагт дамжин тархсан. Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 12:57 цагт хүлээн авсан. Түймрийг 04.28-ны өдрийн 09:00 цагт цурамд оруулсан. 04.30-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Баянцогт, Жаргалант сумын иргэд түймрийг бүрэн унтраахаар цэвэрлэгээ хийн ажиллаж байна. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 900 га талбай шатсан./

Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн “Ихэр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 52 км-т, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 92 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар анги, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, Их-Уул сумын иргэд ажиллаж, 04.28-ны өдрийн 19:11 цагт цурамд оруулж, 04.30-ны өдрийн 21:00 цагт бүрэн унтраасан. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 15 га талбай шатсан./

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Урд Шивэртэйн Өвөр-Эрээн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 201 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, уулын хяр хэсэгт 20 метр газар зурвас татан түймрийн тархалтыг зогсоосон. 04.28-ны өдрийн 08:37 цагт цурамд оруулж 04.30-ны өдрийн 12:10 цагт бүрэн унтраасан. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 24.4 га талбай шатсан./    

 Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн “Онгоны ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 10 км/  ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.30-ны өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 04.30-ны өдрийн 23:00 цагт цурамд оруулсан. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 4 га талбай шатсан./   

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн Харцайн амны “Их өтөгт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.30-ны өдрийн 19:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, “Зэд Хантай Бүтээлийн Нуруу” Дархан цаазат газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагчаар ахлуулсан иргэд түймрийн голомтод очсон 2 хуваагдан ажиллаж түймрийг 01.15 цагт цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 200 га талбай шатсан./

  4.Эрэн хайх, аврах ажиллагаа:  

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Зөөлөн багийн “Зүүн хороо” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 270 км-т, сумын төвд/ тус сумын харьяат иргэн Н /39 настай, эрэгтэй/ 04.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 04.29-ний өдрийн 11:14 цагт хүлээн авсан. 04.30-ны өдрийн 07:30 цагт Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр  ахлуулсан алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд Зөөлөн багийн “Эмт” гэдэг газраас /сумын төвөөс баруун зүгт 17км/ эхлүүлсэн.Онцгой байдлын газрын алба хаагчид “Цагаан булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км/ усаар эрэн хайх ажиллагаа явуулж үр дүнд хүрээгүй тул 19:12 цагт түр зогсоосон. 05.01-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан жирээ” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ тус аймгийн Сүхбаатар сумын иргэн Б /60 настай, эрэгтэй/ Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 18:37 цагт хүлээн авсан. 04.30-ны өдрийн 06:57 цагаас Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид Улаан шивээ гэх газраас Ноён уулын хавцал хүртэл 15 км, Улаан шивээ гэх газраас Сүмийн булан хүртэл 7 км зайд усаар завьтай урсаж, анх унасан газраас 50 м-ийн радиус дотор 2 удаа гүнийн шумбалт хийн, нийт 22 км зайд усаар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Мөн өдрийн 16:20 цагт шороогоор шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.

5. Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн  “Богзог” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 15 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 95 км/ малчин Н-ын 5х6 метрийн хэмжээтэй малын саравч, 500 м2 малын хашаа 04.30-ны өдрийн 08:00 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг Сагил сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баянмөнх 04.30-ны өдрийн 14:40 цагт мэдэгдсэн. Тус сумаас Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баянмөнхөөр ахлуулсан алба хаагчид очиж галыг бүрэн унтраасан.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Шилийн гол багийн “Хүрэн-Өндөр” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км/ малчин Б-ын хашаа саравч, 4 ханатай гэр 04.30-ны өдрийн 15:45 цагийн үед бүрэн шатсан тухай мэдээллийг 04.30-ны өдрийн 16:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраас Гал  түймрийн улсын хяналтын байцаагч, сумын хэсгийн төлөөлөгч, Шүүх шинжилгээний албаны шинжээч нийт 4 хүн, 1 автомашинтай ажилласан.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант 1 дүгээр багийн “Заан ширээ” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км, аймгийн төвөөс зүүн зүгт 80 км/ Малчин Т-ын өвөлжөөнд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 16:47 цагт хүлээн авсан. Тус сумаас Засаг даргын тамгийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 1 тн орчим өвс шатаж байсныг 1:40 цаг ажиллаж унтраасан.

Бусад төрлийн мэдээлэл: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн “Богд” голын усанд унага урсаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 19:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 19:39 цагт очиж 5 минут ажиллаж голоос татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top