Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Орхон аймгийн нутгийн зарим хэсгээр бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн саваар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 7-нд зарим газраар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар 14-16 м/с, 8-нд нутгийн хойд хэсгээр 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар сэрүүсч  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус,  говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 13:53 цагт очиж, иргэн Д-ын 7х10 метрийн хэмжээтэй байшингийн 2х7 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгай /Хайлаастын шинэ эцэс/ өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 16:58 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 15 км замыг туулан 17:16 цагт очиж, 1.5 га талбайд өнжмөл өвс байсныг 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн С /51 настай эрэгтэй/ өртөж нас барсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баттөмөр шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,  Монелийн 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 18:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 16:42 цагт очиж, иргэн С-ийн эзэмшлийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, мөн иргэн С-ийн эзэмшлийн 7х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 2А дугаар гудамжны задгай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 19:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 19:52 цагт очиж, иргэн Э-ийн эзэмшлийн “Аксент” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл багийн  1 дүгээр гудамжинд иргэн Д-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 18:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 18:44 цагт очиж, 6х16 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 2 дугаар багийн “Харуул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 128 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км-т/ малчин Н-ын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 20:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан 28 км замыг туулан 21:22 цагт очиж, 15х20 метрийн хэмжээтэй малын хашаа, өтөг бууц шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Обьектын гал түймрийн мэдээлэл: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Хоёр мэлхийт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн зүгт 110 км-т Ашид-Арвижих” ХХК-ийн эзэмшлийн 8х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 06:39 цагт хүлээн авсан. Хилийн 0132 дугаар ангийн алба хаагчид, “Ашид-Арвижих” ХХК-ийн ажилчид 3 цаг 20 минут ажиллаж бүрэн унтраасан гэж тус сумын Засаг дарга А.Энхтүвшин аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Сэвэлтийн-Өтөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 18 км-т/ Тус сумын харьяат малчин Л-ийн 6 ханатай гэр, эд хогшлын хамт 05.03-ны өдрийн 13:10 цагт бүрэн шатсан тухай мэдээллийг 05.03-ны өдрийн 13:50 цагт хүлээн авсан.   Мэдээллийг тус аймгийн Наранбулаг сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Баянмөнх аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.      

Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн “Цагаан бургас” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ тус сумын харьяат малчин Б-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт 05.03-ны өдрийн 09:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг 05.03-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Д.Нямжаргал аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.      

4. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн “Улиатай” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км, сумын төвөөс баруун урд  зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 21:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр анги, Эрэн хайх аврах салбар, Үндэсний аврах бригад,  Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. 05.03-ны өдрийн байдлаар түймрийн голомтод бага зэргийн салхитай, түймрийн баруун болон хойд талын тархалтыг зогсоож, зүүн болон урд талыг унтраахаар ажиллаж байна. /Гал түймэрт урьдчилсан байдлаар 2400 га талбай шатсан./

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн “Онгоны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 10 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.30-ны өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж 04.30-ны өдрийн 23:00 цагт цурамд оруулж, 05.03-ны өдрийн 17:30 цагт бүрэн унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 10 га талбай шатсан./

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Зайсангийн-Ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 10:51 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн сургалт, гал түймрийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Алтанхуягаар ахлуулсан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах 14, 30 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Аврах анги 105, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 74 дүгээр анги, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газар, нийслэлийн ногоон бүс дэх эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газрын алба хаагчид, “Мөнх хас цамхаг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 13:18 цагт цурамд оруулж, 05.03-ны өдрийн 18:20 цагт бүрэн унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 2 га талбай шатсан./

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн “Халзангийн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т, аймгийн төвөөс урд зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.03-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 10 га талбай шатсан./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top