Улсын Онцгой комиссын 21 дүгээр хуралдаанаар /2020.05.04/ мэргэжлийн/богино хугацааны/ сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэж, УОК-ын тогтоол гаргалаа.
Ингэснээр “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, Засгийн газрын хуралдаанд оруулах юм. Улсын хэмжээнд нийт 1088 сургалтын төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр сургалтын төвүүдэд:
– биеийн халуун үзэх,
– амны хаалт зүүх,
– аль болох цахим сургалт хийх,
– ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах,
– нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх,
– анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах,
– Хоёр цаг тутамд агаар сэлгэх,
– хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй байх,
– сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор хоёр цаг тутам цэвэрлэх,
– анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх,
– ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ агаар сэлгэлт хийх,
– анги танхимд хооллохгүй байх,
– урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх шаардлагыг УОК, ЭМЯ-аас тавьж, биелүүлсэн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээх юм.
Мөн хуралдаанаар Улсын Онцгой комиссын Шуурхай штаб болон нийслэлийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, гадаад улс орнууд руу дараагийн чартер нислэгүүдийг хийх нь зүйтэй гэж комиссын гишүүд үзлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор БНЭУ-руу захиалгат нислэг хийх боломж, нөхцлийн талаар судалж, танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин үүрэг болгосон байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.