Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар хур тундас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 5-10 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд, Дорнод-Монголын зүүн хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 10,11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 10,11,12-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с, 13-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст дулаан,  Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор  шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 13-аас ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн Задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 08:38 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 08:45 цагт очиж, эзэн холбогдогч нь тодорхойгүй 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтрааж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Сонинбаярт хүлээлгэн өгсөн.   

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 49 дүгээр гудамжинд хүлэмж шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 17:07 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагч 7 км замыг туулан 17:14 цагт очиж, иргэн О-ын 5х10 метрийн хэмжээтэй модон хүлэмж шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

     Сүхбаатар аймгийн Халзан сумын Хатавч багийн задгайд /аймгийн төвөөс баруун урд зүгт 65 км-т/ иргэн З-ын “Эрдэнэ” хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Батбэхээр ахлуулсан иргэд 1 цаг 3 минут ажиллаж унтраасан.        

   3. Ой, хээрийн түймэр:

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бүргэдтэй багийн Баруун сөдтийн “Шар хад” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 12:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Т.Мөнхдоржоор ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тус сумын Засаг дарга А.Жамьяаншараваар ахлуулсан мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ажиллаж, 05.07-ны өдрийн 07:00 цагт цурамд оруулж, 05.08-ны өдрийн 13:20 цагт унтраасан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Голд автомашин суусан: Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Ахмадын амралтын дэргэд “Хэрлэн” голд автомашинтай 3 иргэн суусан байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 15:26 цагт /хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 14.5 км замыг туулан 16:00 цагт очиж, иргэн Т /51 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Тоёота Пропогс” загварын суудлын автомашинтай иргэн Э/50 настай, эрэгтэй/ О /57 настай, эрэгтэй/ нар “Хэрлэн” голд суусан байсныг татан гаргасан. 

5.Мэдээлэл:

Бусад төрлийн мэдээлэл: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн “Ногоон тойром” гэдэг газарт /сумын төвөөс урд зүгт 20 км-т/ “Шивээ-Овоо” нүүрсний уурхайн улсын бүртгэлгүй, “Комацу ПС-200” загварын экскаватор шатсан тухай мэдээллийг 05.08-ны өдрийн 13:54 цагт хүлээн авсан.  Тус нүүрсний уурхайн 5 ажилтан экскаваторийн хөдөлгүүр, бүхээгийн хэсэг шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус уурхайн инженер С.Лхагвадорж аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

   

               

     

scroll to top