1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Говь болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь тал, хээрийн нутгаар зарим үед 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 градус, Их Нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүсийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ, өдөртөө 10-12 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 11,12-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с, 13-14-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст дулаан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхын голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 2 градус хүйтгээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 13-наас ихэнх нутгаар дулаарна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Цацал”-ын 8 дугаар гудамжинд иргэн Н-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 06:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 06:48 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Яргайтын богино”-ын зуслангийн “Задгай”-д иргэн А-ын 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 10:29 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 10:37 цагт, мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 11 км зам туулан 11:09 цагт тус тус очиж 50 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны “Алтай” хотхоны 12 дугаар байр хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 06:06 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан 06:08 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 37 иргэнийг гаргасан.
3. Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Гүү-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 22:50 цагт унтраан тус сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээрийн мал аж ахуй хариуцсан төслийн мэргэжилтэн Б.Оргилболдод хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт 450 га талбай шатсан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цахиурт багийн “Галуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 21 км-т/ Тус багийн харьяат иргэн О /35 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ сумын эмнэлэгт эмчлүүлж байгаад 05.09-ний өдрийн 14:00 цагт гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 20:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад 05.10-ны өдрийн 07:45 цагт тус аймгийн Арвайхээр сумын Өлзийт багт амьдрадаг ах Г-д эсэн мэнд ирсэн гэсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР