П.Ууганбаяр: Энэ байгууллага миний нэг гэр. Тэгэхээр түүнийхээ төлөө явах ёстой

DSC1767.jpg

Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа Увс аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэд хурандаа П.Ууганбаяртай ярилцлаа. Онцгой байдлын албанд 20 дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр Хууль сахиулахын их сургуулиа төгсөөд л эдүгээ хүртэл өөрийн төрөлх нутаг Увс аймагтаа ажиллаж байгаа юм.

-Сургуулиа төгсөөд л нутагтаа ирж ажилласан гэлээ. Энэ хугацаанд өөр газар томилогдож ажилласангүй юү?

-Хууль сахиулахын их сургуульд галын техникч мэргэжлээр сурч төгсөөд л нутагтаа ирж ажилласан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд дунд нь хоёр жил сургуульд сурсан, Баян-Өлгий аймагт жил гаруйн хугацаанд томилогдож ажилласан. Ингээд буцаад л нутагтаа томилогдоод одоог хүртэл ажиллаж байна даа. Харин оюутан байхдаа Улаанбаатар хотод Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид дадлага хийж байсан. Тухайн үед салаан захирагч байсан Д.Баярбаатар хурандаа хойшоо сургуульд явах гээд хэлний бэлтгэлд сууж байх үед нь би салааг нь удирдаж, дадлагаар ажиллаж байсан юм. Гал түймрийн анхны дуудлагаа тэнд ажиллаж байхдаа хүлээж авсан. Хайлаастад айлын гэр шатаад, гурван настай хүүхэд түлэгдэж нас барсан дуудлагаар анх очоод зүрхшээж байсан шүү. Гал түймэр унтраах, аврах 10-р ангиас би олон зүйлийг сурсан. Ээлжинд гараад л 7-8 дуудлагад явдаг байлаа. Хамгийн олон нь 16 удаагийн дуудлагад явж байсан юм байна, нэг ээлжиндээ. ­

-Үнэндээ Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги ачаалал ихтэй ангийн тоонд орно. Харин Увс аймгийн хувьд гал түймрийн дуудлага хэр их вэ?

-Харьцангуй гайгүй шүү. Ялангуяа сүүлийн жилүүдэд ой, хээрийн түймэр багассан. Тэгэхээр бидний урьдчилан сэргийлэх ажлууд тун гайгүй яваа юм болов уу даа гэж боддог. Манай газрын хувьд сум, орон нутгийн удирдлагуудтайгаа хамтарч ойн нөхөрлөлүүдийг байгуулсан. Тэд нартайгаа гэрээ хэлцэл байгуулан хамтран ажиллаж байна. Бидний хамтын ажиллагаа ч тодорхой үр дүнд хүрч байна гэж хэлж болох байх.

 Миний хувьд нутагтаа ирээд ажилласан хамгийн том гал түймэр бол 2003 оны Нефть хангамжийн баазад гарсан гал байсан. Зургаан хүний амь насыг авч явсан том гал. Савны цэвэрлэгээ хийж байсан Нефть хангамжийн баазын ажилтнууд тэр галд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарч байсан юм.

-Онцгой байдлын байгууллагын алба хаагчид энэ мэтээр өчнөөн сэтгэл шимшрүүлсэн үйл явдалтай нүүр тулах нь бий. Халуун гал руу дайрч орох ч тийм хүсмээр ажил биш. Шантрах үе байв уу?

-Надад ер тийм юм бодогдож байгаагүй ш дээ. Би албаараа маш их бахархдаг. Үнэндээ бид хүмүүсийн баяр цэнгэл дээр биш, дандаа л харуусал гуниг дагуулсан, аврал эрсэн нөхцөл байдал дээр очдог. Гэхдээ тэр бүгдээс хүний амь  нас, эд хөрөнгийг авран хамгаалахаар тэмцэж явдаг учраас бахархалтай байдаг. Хамгаалаад, авраад ард иргэдээсээ талархлын үг сонсох сэтгэлд их өег байдаг шүү.

-Онцгой байдлын байгууллага шинэ тогтолцоонд шилжсэнээр зөвхөн гал түймэр гэхгүй, бүх төрлийн дуудлагад явдаг болж, нэг ёсондоо ажлын цар хүрээ нэмэгдсэн. Хүндрэл бэрхшээл хэр байв?

-Эхэндээ ажлын хүндрэл гарч л байсан. Одоо бол сум, орон нутагтайгаа хамтарч ажиллах уялдаа холбоо сайжирсан байна. Онцгой байдлын байгууллагын маань хувьд байгуулагдаж байсан үеэ бодоход техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр бүрэн хангагдсан байна.

Бид анх автомашины дугуйны дөрвөн олгой хаймар хийлээд, нийлүүлж хүлээд, дээр нь гэрийн хана тавиад, хүрзээр сэлүүр хийгээд нууранд осолдсон хүний цогцсыг хайх ажиллагаанд явж л байлаа. Манай ахмадууд ч өвлийн хүйтэнд опу цув өмсөөд, гал сөнөөгчдийн утаанаас хамгаалах багийг зүүгээд уснаас эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулаад явж л байсан. Бид тэдэнтэйгээ туршлага солилцдог байсан нь бас давуу тал болж байсан шүү.

-Тэгвэл анх хэзээ аврах завьтай болсон бэ?

-Манай газрын хувьд 2007 онд шувууны томуугийн төслөөр найман хүний суудалтай, 800 кг ачаа даадаг хар завьтай болж байсан. Одоо хүртэл бид тэр завиа ашиглаж л байна.

-Увс аймгийн хувьд томоохон нуур, гол ус ихтэй. Тэгэхээр усны ослын дуудлага их байдаг уу?

-За ер нь Увс, Хяргас нууруудад жилдээ 2-3 хүн осолдох, эндэх тохиолдол бол байнга шахам гарна шүү. Энэ дундаас Хяргас нууранд осолдсон нэг ослын дуулага миний хувьд хамгийн харамсалтай дуудлага байсан. Баян-Өлгий аймгийн харьяат, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт амьдардаг залуу нутагтаа очиж хуримаа хийх гэж яваад, манай аймгийн нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрөхдөө Хяргас нууранд осолдчихсон байсан. Нуурын эрэгт түр буудаллах хооронд л ийм харамсалтай тохиолдол болсон байдаг. Аав, ээж нь ус руу орох хэрэггүй гэж уг нь хориглож л байсан юм билээ. Мөн Давст суманд Зүүн Тэрмэс гэдэг газар маргааш нь “хөшгөө тайлах” гэж байсан залуу УАЗ-469 машинтай явж байгаад осолдсон харамсалтай тохиолдол бий.

Дөнгөж гэр бүлийн амьдралаа эхлүүлж байсан залуус гэж бодохоор л харамсал төрөөд байдаг юм.

Харин сүүлийн жилүүдэд манай газраас зуны цагт Увс, Хяргас нууранд хоёр ажлын хэсэг байнгын эргүүлд гардаг болсон. Энэ нь үр дүнгээ өгч байгаа гэж бодож байна. Иргэд худалдаанаас зориулалтын бус завь аваад, тэрүүгээрээ нууранд хөвж байгаад нуурын гол руу орчихдог. Тэгтэл завь нь хий алдаад, хийгүй болох тохиолдол бий. Тийм дуудлагаар манай залуус хоёр иргэн, бас дөрвөн бүсгүйг аварч байсан тохиолдлууд бий.

Мөн бид Хяргас нуурын эрэг дээр “Усны сургалт, хяналт, дадлагын төв”-ийг дотоод нөөц бололцоогоо ашиглан барьж, ашиглалтад оруулсан.  Энэ нь усчин аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлага сургууль хийх орчин нөхцлийг бүрдүүлэхээс гадна ард, иргэдэд усны ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг олгох боломжийг бүрдүүлсэн гэж болно.

-Таны хувьд салаан захирагчаас ажлын гараагаа эхэлсэн. Салаан захирагчаас байцаагч болоход ялгаа хэр мэдрэгдэж байв?

-Салаан захирагчийн үүргээс байцаагчийн ачаалал их шүү дээ. Тийм болохоор сард гэртээ 14 хоног хонохтой үгүйтэй л явдаг байлаа. Намайг байцаагч болж байхад Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч гэж ганцхан байцаагчтай байсан. Галаа ч хариуцдаг. Гамшгаа ч хариуцдаг. Одоо бидний хэлж заншсанаар ангиллын сургалт, бэлэн байдлын үзлэг, төлөвлөлт гээд бүгдийг аймгийн хэмжээнд хариуцаж, зохион байгуулдаг байлаа.

-Одоо тэгвэл хэр их ачаалалтай ажиллаж байна даа?

-Одоогийн энэ албан тушаалдаа 2013 оноос хойш ажиллаж байна. Хүн ер нь төлөвлөсөн ажлаа цагт нь хийгээд дуусгачихвал ачаалал болоод байх юм байхгүй шүү дээ. Би тэгж л ажиллахыг хичээдэг. Бусад бүх албан тушаалуудад ч адилхан л байх гэж боддог. Тухайн хүн ажлаа зөв төлөвлөх ёстой. Ажлаа зөв төлөвлөөд, гарц гаргалгаагаа зөв хийж чадвал тэнд түүртээд байх юмгүй л гэж боддог.   

Харин миний хувьд офицеруудаа энэ төлөвлөлтийн ажил, гадагшаа чиглэсэн ажлууд, олон байгууллагатай харилцан хамтын ажиллагаатай ажиллахад нэлээд түлхүү сургаж, дадлагажуулах ёстой гэж боддог. Энэ санаачлагыг маань дэмжиж ажилладаг Онцгой байдлын газрын дарга нартаа баярлаж явдаг. Офицеруудыг маш сайн сургах хэрэгтэй. Манай алба хаагчид хаана ч очоод, хэний ч өмнө нүүр улайхгүйгээр гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, аврах ажиллагаа, хууль, дүрэм журмаа ярьж, тайлбарлаж чаддаг, мэддэг байх ёстой. Тийм болохоор би энэ чиглэлд түлхүү анхаарлаа хандуулахыг хичээдэг.

-Ингэхэд таны албанд орж байсан үеийг одоо үетэй харьцуулбал…?

-Тэнгэр, газар шиг ялгаатай шүү дээ. Анх бид нарыг албан орж ирж байхад манай газарт одоо музейд байгаа бичгийн машин л байлаа. Түүн дээр бид бүх бичиг баримтаа шивдэг байсан. Одоо бол техник хэрэгсэл, ажиллах орчин, нөхцөл бололцоо харьцангуй сайжирсан. Хүн нэг бүрийн багаж хэрэгсэл, хувцас хангалтууд ч сайжирсан.

-Гэхдээ л бас тодорхой хэмжээнд учир дутагдалтай зүйлүүд бий шүү дээ?

-Аан бас дутагдах зүйл байлгүй л яах вэ. Гэхдээ засаг төрөөс өгч байгаа үнэгүй хувцсыг бид бас ариг гамтай хэрэглэх ёстой. Тэр болохгүй байна, энэ ийм байна гэж ярих шаардлага ч байхгүй. Би тэгж л боддог. Өгч байгааг нь аваад, нямбай, цэвэрхэн, эдэлгээний хугацааг нь уртасгаж хэрэглэх ёстой гэж боддог шүү.

-Тэгж болж байна уу?

-Бололгүй яах вэ. Зарим хүмүүс яаж хэрэглэдгийг мэдэхгүй юм. Миний хувьд бол тэгж хийж болдог юм. Би бас заримдаа гэрийнхээ хүнээр загнуулна аа. Энэ гэр бүл чинь таны хувьд хаана явна аа, бүх юмны түрүүнд байгууллага гээд алга болох юм гээд. Тэгээд хань минь ээ, мөрдэсийг нь зүүгээд, цалинг нь аваад явж байгаа учраас энэ байгууллага бас миний нэг гэр. Тэгэхээр түүнийхээ төлөө явах ёстой гээд л учирлана. Гэхдээ миний хань ажлыг маань маш сайн ойлгодог. Өөрөө ч бусдын эрүүл мэндийн төлөө цаг наргүй явдаг ажилтай хүн шүү дээ.

-Тэгэхээр эмч хүн гэсэн үг үү. Та хоёр хэзээ анх танилцаж байв?

-2009 онд анх танилцаж байсан юм. Манай гэрийн хүн Өлгий сумын харъяат. Өлгий сумандаа хүн эмнэлгийн эрхлэгч хийж байхад нь гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хийж явахдаа танилцаад гэр бүл болсон. Одоо хоёр хүүхэдтэй. Бид хоёр хоёулаа хүн ардынхаа энхийн манаад цаг наргүй зогсдог учраас хоёр хүүхэд маань манай ээжийн гар дээр л хүн болсон. Бидний найдвартай ар тал шүү дээ, ээж минь. Тэрнээс би дуудлагад яваад орж ирж байхад эхнэр зөрөөд дуудлагад гараад явж байдаг байлаа шүү дээ. Тийм болохоороо ч бид бие биеэ маш сайн ойлгодог.

-Таны сонирхдог зүйл гэвэл?

-Дээр үеийн түүхтэй холбоотой зүйлсийг их сонирхоно. Дэлхийн 2-р дайнтай холбоотой кино, баримт материалуудыг уншиж судалж, үзэх дуртай. Мөн өөрийнхөө төрөлх нутгийн баяд, дөрвөд гээд олон ястны өв уламжлал, түүхийг судлах дуртай.

-Баримталдаг зарчим?

-Зөв, шударга байх ёстой гэдэг зарчмыг л баримталдаг. Хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ эзэн байх ёстой л гэж боддог доо.

-Чөлөөт цаг ер нь олдох юм уу?

-Олдоно оо олдоно. Өөртөө цаг гаргана гэдэг хувь хүнээс өөрөөс нь л шалтгаана шүү дээ. Би чөлөөт цагаараа гэр бүлийнхэндээ сайхан хоол хийж өгөх дуртай. Ер нь хоолны хоббитой. Гэр бүлээрээ байгалийн сайхнаар аялж, зугаалах дуртай. Дорнод аймгаас бусад аймгуудын үзэсгэлэнт нутгаар бараг л яваад үзчихсэн шүү. Хувиараа ч, албаны ажлаар ч явж үзсэн.

-Бахархал тань юу вэ гэвэл Онцгой байдлын алба гэж хариулах тодорхой юм шиг байна, тийм үү?

-Тэгэлгүй дээ. Албаараа л бахархана шүү дээ. Анх амьдралын гараагаа эхэлж байхад намайг өлгийдөж авсан газар шүү дээ. Аав, ээжээс минь өөрцгүй болсон газар. Би ер нь албанаасаа гадагшаа юм гаргах дургүй, гаднаас албандаа юм татаж авахдаа харин дуртай шүү/инээв/.

-Тэгээд татаж авч чадаж байна уу?

-Чадалгүй яах вэ. Орон нутгийнхаа удирдлага, аж ахуйн нэгжүүдтэйгээ маш сайн уялдаатай ажиллаж байна. Ард иргэд маань Онцгой байдлын байгууллагыг дандаа хүнд, хэцүү зүйлд дайчлагдан очдог гэж ойлгож, хүндэлдэг болсон. Аймгийн маань удирдлагууд ч маш сайн дэмжиж тусалдаг. Тийм болохоор бид хичээж чадвал ажил, амьдрал маань өөдрөг сайхан байх нь дамжиггүй шүү дээ.

Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөлөө. Хүсэл бүхэн тань жигүүртэй байж, хүрэх ирээдүй чинь гэрэлтэй байг ээ. 

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

scroll to top