Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн нутгаар цас орж, Төвийн болон говь, зүүн зүгийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, зүүн аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 5-10 градус, говийн бус нутгийн зүүн хэсэг, Орхон, Сэлэнгэ, Халх голын хөндийгөөр 9-14 градус,  Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурч, 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно. Салхи 17-нд нутгийн зүүн хагаст 7-12 м/с, зарим үед 15-17 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар дулаарч Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 6 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 17:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3км замыг туулан 17:57 цагт очиж, иргэн Б-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Нарлагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 20:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 29 км замыг туулан 21:26 цагт очиж, иргэн П-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баянцагааны 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 22:31 цагт очиж, иргэн Б-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, иргэн Ц-ийн 4х5 метрийн хэмжээтэй байшин, иргэн Б-ын 5 ханатай гэр тус тус шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Обьектын гал түймрийн талаар: Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн “Өндөр дэл” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км-т/ малчин А-ын 5 ханатай гэр, 2х3 метр, 4х3 метрийн хэмжээтэй амбаар 05.15-ны өдрийн 19:00 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг 19:33 цагт хүлээн авсан. Орон нутгийн 6 иргэн, 2 автомашинтай ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга О.Мандахбаяр аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

4. Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Авшиг-Овоо” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 50 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар анги, Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Баян-Адрага сум дахь Эрэн хайх, аврах салбар, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид “Онон-Балж” байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, Норовлин, Баян-Адрага Батноров сумын иргэд ажиллаж, мөн өдрийн 20:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 5 га талбай шатсан.

5.Мэдээлэл:

Бусад төрлийн мэдээлэл: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Өлзийт багийн “Ёлхот” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ 05.15-ны өдөр шороон шуурга шуурсны улмаас тус сумын харьяат малчин Ж-ийн бэлчээрт байсан 390 гаруй бог мал 11:00 цагийн орчим шуурганд уруудсан тухай мэдээллийг мөн өдрийн 19:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 20:44 цагаас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 23:00 цагт зогсоосон. 05.16-ны өдөр цаг агаар тогтуун болсон тул малчид өөрсдийн хүчээр малаа эрэн хайхаар шийдвэрлэсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top