Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд аймгийн зарим сумдаар түр зуурын хур тунадас орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 17-22 градус,  Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20,21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 20-нд нутгийн төв хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд ихэнх нутгаар сэрүүсч, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг 7 дугаар багийн “Тэмүүжин” зочид буудлын зүүн талд автомашины зорчих хэсэгт Ирээдүйн ган зам” ХК-ийн 1“Норд Бенз” загварын том оврын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 03:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 03:58 цагт очиж 17 минут ажиллаж унтраан Цагдаагийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 4 дүгээр гудамжинд иргэн Б-ын 3х6 метрийн хэмжээтэй амбаар, амбаар дотор хураалттай байсан 6 ханатай гэр, 4 ханатай гэр, 4 метр хашаа, 1 га орчим хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 11:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 11:59 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 20 дугаар гудамжинд иргэн Ц-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 15:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 15:20 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 22 дугаар гудамжинд иргэн Э-ын 1х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж, 6х4 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 16:21 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 16:32 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн “Хойд зуухын ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 11 км/ малчин Б-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт 11:00 цагийн орчимд бүрэн шатсан тухай сумын Засаг Даргын орлогч Г.Болдбаатар 05.18-ны 13:56 цагт мэдээлсэн. Орон нутгийн 15 хүн, 3 автомашинтай ажилласан.

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ёлт баг “Хунт нуур” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 275 км, сумын төвөөс урд зүгт 25 км/ Түймрийн цэг илэрснийг ГТТГ-аас мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалан 05.18-ны өдрийн 21:33 цагт мэдээлсэн. Мэдээллийн дагуу Тамгын газрын дарга О.Энхтүвшинтэй холбогдож тодруулахад 14:30 цагт түймэр гарсан. Орон нутгийн иргэд ажиллаж 21:46 цагт түймрийг бүрэн унтрааасан. Гал түймэрт урьдчилсан байдлаар 12.5 га талбай шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top