Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орж, Говьсүмбэр, Баянхонгор аймгуудын зарим нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо, зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүхэн Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 16-21 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 4-9 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал:   22, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 22-нд ихэнх нутгаар, 23, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. 22-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн уулс, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн ”БИ ЗЭТ БИ” ХХК-ийн нүүрсний талбайд нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 20:41 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 20:46 цагт очиж, овоолгоотой нүүрс шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.     

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 36 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 13:02 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 13:10 цагт очиж, иргэн М-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар, нүхэн жорлон шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 3 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:50 цагт очиж, иргэн Г-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар, хашаа тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн Тавьтын 3 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 17:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 200 метр туулан 17:35 цагт очиж, иргэн Т-ын өвс шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 17:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:04 цагт очиж, иргэн Б-ийн 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 3х8 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Билгэх багийн “Цэций-Уул” 1 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 18:03 цагт очиж, иргэн Л-ийн хашаанд хураалттай 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.        

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:   

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Ховд” голд 3 иргэн живсэн тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 10:40 цагт очиж, мөн өдрийн 10:55 цагт тус аймгийн Өлгий сумын харьяат иргэн А /70 настай, эрэгтэй/, Е /33 настай, эрэгтэй/, М /18 настай, эрэгтэй/ нарын цогцсыг “Ховд” голын уснаас гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Мөнхдөлд шилжүүлэн өгсөн.

Сураггүй болсон: Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар багийн “Сүмийн булаг” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 135 км-т/ тус сумын харьяат С /14 настай, эмэгтэй/ 05.20-ны өдрийн 11:30 цагт гэрийнхэнтэйгээ маргалдаад явган гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг мөн өдрийн 13:20 цагт хүлээн авсан Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Цэцэгсүрэнгээр ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20:50 цагт С-г сумын төвөөс хойд зүгт 5 км-т оршуулгын газраас эсэн мэнд олж ээж Г-т хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг сумын Байгаль орчны байцаагч С.Наран-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

      

 

        

scroll to top