1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна. Улаанбаатар хотод: Үүлшиж, бага зэргийн бороо орно, салхи баруун хойноос 6-11 м/с, 11-13 градус дулаан байна.
Төлөв байдал: 23-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн уулс, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар дулаарна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Жанжин”-ы 14 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 10х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 06:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 06:14 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Харгант багийн “Задгай”-д иргэн Г-ын 11х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 10:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 10:30 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Шархад”-ны 20 дугаар гудамжинд иргэн Т-ын 4 ханатай гэр, мотоцикл, 3х4 метрийн хэмжээтэй амбаар, 30 метр урт хашаа шатсаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 22:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 22:53 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Өвөр чингэстэйн салхи муут” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 50 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 218 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.21-ний өдрийн 14:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Архангай аймгийн Булган сумын Баянцагаан багийн “Олон нүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т, аймгийн төвөөс урд зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.21-ний өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР