Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи их төлөв хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи хойноос 6-11 м/с, 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно. Салхи 27-нд баруун аймгуудын нутгаар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны “Зүүн наран”-гийн 4 дүгээр гудамжинд иргэн Т-ийн 7х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 12:13 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 12:22 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар  багийн “Тээвэрчид”-ийн 1 дүгээр гудамжинд иргэн О-ийн 5 ханатай гэр, 2х2, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 09:59 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн “Ар залгамжлагч” хорооллын иргэн Г-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 60 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 11:23 цагт очиж 45 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар  багийн “Дэвшил”-ийн 2 дугаар гудамжинд иргэн Б-ийн 3х5 метрийн хэмжээтэй граж шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 12:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 12:39 цагт очиж 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн “Задгай”-д иргэн Б-ийн 3×4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 15:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан  15:50 цагт очиж 49 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн 7 дугаар байранд иргэн Л-ийн 3×2 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 05:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан 05:25 цагт очиж  2 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн “Шивээ” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 35 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 251 км-т/  иргэн Э-ийн “Бонго пронтер” загварын ачааны автомашин, 4 ханатай гэр 05.25-ны өдрийн 14:56 цагт шатсан. Мэдээллийг “Оюу толгой” ХХК-ийн Онцгой байдлын ангийн гэнэтийн осолд хариу үзүүлэх багийн алба хаагч Ш.Даваадорж мөн өдрийн 15:15 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн “Задгай”-д “Хово” загварын өөрөө буулгагч онхолдож автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 19:42 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 19:50 цагт очиход  Хово загварын өөрөө буулгагч онхолдож Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн М /45 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top