Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи их төлөв баруунаас 7-12 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29, 30-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. 28-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал болон Халх голын саваар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанСүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн “Төмөртэй” хорооллын 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 08:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 08:40 цагт очиж, иргэн Х-ийн эзэмшлийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн 3 дугаар гудамжинд иргэн А-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 19 км замыг туулан 12:34 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн А /34 настай, эмэгтэй/ хөл, гар хэсгээрээ түлэгдэж бэртсэн тул Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 30 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 19:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 19:48 цагт очиж, иргэн М-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

3.Мэдээлэл:

Обьектын гал түймрийн талаар: Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Улаан харгана” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн зүгт 115 км-т/ Тус сумын харьяат малчин Б-ын 6 ханатай гэр, эд хогшлын хамт 05.26-ны өдрийн 12:30 цагийн орчим бүрэн  шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Мэдээллийг тус сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Баянмөнх аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн “Сүүж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 77 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т/ тус сумын харьяат малчин С-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт 05.26-ны өдрийн 13:30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 16:43 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд ажиллаж, бүрэн унтраасан тухай Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Жамбалдорж тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Өнгөт багийн “Өехий” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 159 км-т, сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ тус сумын харьяат малчин Э-ын 5 ханатай гэр, 4х5 метрийн хэмжээтэй байшин, 2 мотоцикл, иргэн Б-ийн эзэмшлийн “Чейзер” загварын суудлын автомашин 05.26-ны өдрийн 16:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд ажиллаж бүрэн унтраасан тухай мэдээллийг Эрдэнэдалай сумын Засаг дарга С.Мөнхбаатар тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Увс аймгийн Давст сумын Зүүнхөвөө багийн 2 дугаар гудамжинд иргэн О-ын 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн мэдээллийг 05.27-ны өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд ажиллаж, 01:15 цагт бүрэн унтраасан тухай мэдээллийг Давст сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Баян тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

4.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Эвцэг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 60 км-т, аймгийн сумаас зүүн зүгт 85 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.26-ны өдрийн 22:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж түймрийн тархалтыг зогсоосон, бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 5 га талбай шатсан./ 

5.Зам тээврийн осол:

Автозамын осол: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн 2 дугаар гудамжны баруун талд, Замын-Үүд сумаас Улаанбаатар чиглэлийн автозамын зорчих хэсэгт автозамын зорчих хэсэгт зогсож байсан иргэн С-ийн эзэмшлийн “Даюун” загварын ачааны автомашины хойд талаас иргэн А-ийн жолоодож явсан “Блюбирд” загварын суудлын автомашин мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 05.26-ны өдрийн 23:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 23:11 цагт очиж, “Блюбирд” загварын суудлын автомашиныг жолоодож явсан тус сумын харьяат иргэн А /30 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 1 цаг 30 минут ажиллан гаргаж, цагдаа болон эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

6.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

 Газар хөдлөлт: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийн “Цагаантолгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 15 км-т, Ө-46°15’36”, У-106°21’36″/ 05.26-ны өдрийн 10.07 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГСХ-ээс мөн өдрийн 10:20 цагт цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дэлгэрцогт сумын Засаг даргын орлогч З.Нармандах болон Цахиурт багийн Засаг дарга Г.Сосорбурам нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.

7.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Сонгинохайрхан” уулын зүүн талд тогтоол усанд хүн живсэн тухай дуудлагыг 05.26-ны өдрийн 20:11 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 22.5 км замыг туулан 20:54 цагт очиж, 45 минут ажиллаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн А /25 настай, эрэгтэй/-ын  цогцсыг 5 метрийн гүнээс олж гарган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Жавзандуламаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top