Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Булган, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо, цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эгь-Үүр голын хөндийгөөр 7-12 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 25-30 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 1-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. 2-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэх боловч, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 31 дүгээр гудамжинд нийтийн орон сууцны барилга шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 07:49 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан 07:56 цагт, хүч нэмэгдүүлж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 08:33 цагт очиж, иргэн О-ын 8×12 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн орон сууцны барилгын дээвэр, 2 дугаар давхрын 2х3 метрийн хэмжээтэй өрөө, эд хогшил, коридор шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.    

    Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Л-75 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 16:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 16:54 цагт очиж, иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан.       

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 01:34 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 01:39 цагт очиж, иргэн Б-ийн 4×7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.      

    3. Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Цоржин” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.29-ний өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн иргэд ажиллаж, 05.30-ны өдрийн 07:34 цагт цурамд оруулж, 16:30 цагт түймрийг унтраасан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

 Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн “Харлан” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 284 км-т, сумын төвөөс зүүн зүгт 4 км-т/ тус аймгийн харьяат иргэн Б /43 настай, эрэгтэй/ 05.27-ны өдрийн 19:00 цагт сураггүй болсон тул тус аймаг дахь Цагдаагийн газар “Харгал” нууранд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өгөх хүсэлтийг 05.30-ны өдрийн 07:50 цагт хүлээн авсан. 05.28-29-ний өдрүүдэд Цагдаагийн байгууллага, ар гэрээс эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хилийн 0286 дугаар анги, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд 2 бүлэгт хуваагдан: 1 дүгээр бүлэг “Харгал” нуураар завьтай 15 км урсаж, 2 метрийн гүнд 1 удаа шумбалт хийж, 2 дугаар бүлэг “Харгал” нуурын эрэг дагуу 15 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 05.31-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

   

scroll to top