1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Завхан, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, Халх голын саваар 22-27 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, 11-13 градус дулаан байна.
Төлөв байдал: 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6 дугаар сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи 31, 2, 3-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. 2-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 21 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 09:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 09:23 цагт очиж, иргэн М-ын эзэмшлийн 6 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 43 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 10:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 10:47 цагт очиж, иргэн Т-ийн эзэмшлийн байшингийн 2×3 метр хэмжээтэй үүдний амбаарын таазны хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Цоржин” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.29-ний өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн иргэд ажиллаж, түймрийн баруун болон урд, хойд талын тархалтыг зогсоож бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Эрс-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 410 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.29-ний өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн “Эрс-Уул” заставын алба хаагчид ажиллаж, 05.30-ны өдрийн 03:15 цагт бүрэн унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 20 га талбай шатсан./
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн “Энхтал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ “Дархан хүнс” ХК-ийн ажилчид зугаалж явснаас тус байгууллагын нарийн боовны цехийн ажилтан Н /49 настай, эмэгтэй/ согтуугаар бусдаасаа салж төөрсөн тухай дуудлагыг 05.30-ны өдрийн 01:03 цагт хүлээн авч аймгийн Цагдаагийн газрын жижүүр, цагдаагийн сургагч ахлагч Д.Гансүхэд мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагаас тус иргэнтэй утсаар холбогдоход их хэмжээний согтолттой байна, хаана байгаагаа хариулах чадваргүй байна. Сэлэнгэ аймгийн “Энхтал” гэдэг газар байж болзошгүй мэдээлэл ирсэн тул эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг 02:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлэг, Орхон сумын цагдаагийн хэсэг, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Цагдаагийн хэсэг, “Дархан хүнс” ХК-ийн 3 ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 06:35 цагт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр багийн “Товхон толгой” гэдэг газраас эсэн мэнд олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
5.Мэдээлэл:
Сураггүй алга болсон тухай: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Эмгэд багийн “Омбын булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 23 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ тус багийн харьяат малчин А/47 настай, эмэгтэй/ 05.28-ны өдрийн 16:00 цагт явганаар малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Шагдарсүрэн 05.29-ний өдрийн 06:08 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 05.29-ний өдрийн 06:10 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:25 цагт гэрээс нь баруун хойд зүгт 1.5 км-ын зайд “Омбын булаг” гэдэг газраас /жалга дотроос/ тухайн иргэний цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Шагдарсүрэн мөн өдрийн 11:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багийн “Цагаан-Арал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ тус сумын харьяат иргэн О /40 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 05.28-ны өдрийн 12:00 цагийн орчим гэрээс явганаар гараад сураггүй алга болсон тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мадениет 05.29-ний өдрийн 08:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажиотнууд эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 14:00 цагт тус сумын 3 дугаар багийн “Цагаан-Арал” гэдэг газраас /“Ховд” голын эргээс/ тухайн иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мадениет аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн “Сул-Улаан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км-т, сумын төвд/ тус сумын харьяат иргэн С /26 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 05.28-ны өдрийн 22:00 цагийн орчим гэрээс явганаар гараад сураггүй алга болсон тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мадениет 05.29-ний өдрийн 10:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 13:25 цагт сумын төвөөс баруун зүгт 6 км-т “Хөшөөт” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн тухай Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мадениет аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Хөнгөн бетон үйлдвэр” ХХК-ийн нүхэнд хүн унаж, цементэд дарагдсан тухай дуудлагыг 05.30-ны өдрийн 00:01 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан 00:14 цагт очиход “Хөнгөн бетоны үйлдвэр” ХХК-ийн цемент буулгах талбайн ажилтан Б /46 настай, эрэгтэй/ цемент зөөж байх явцдаа 2 метрийн гүнтэй нүхэнд унаж биеийн цээж хэсэг хүртэл задгай цементэд дарагдсан байсныг 2 цаг ажиллан эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав болон нийслэлийн ЯТТТ-ийн эмч Б.Баттөрд хүлээлгэн өгсөн.
Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйс багийн “Хар-Ус” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 22 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 93 км-т/ 05.28-ны өдрийн 18:00 цагийн орчим тус багийн Хар-Ус гэдэг газраар 14-19 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас тус багийн харьяат малчин Б-ийн 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Цэрэндорж 05.29-ний өдрийн 20:36 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус багийн Засаг дарга Б.Очирхуягаар ахлуулсан ажлын хэсэг иргэн Б-ийнд 05.29-ний өдөр очиж, нөхцөл байдалтай танилцаж ажилласан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР