Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар хур тунадас орсон. Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 12-17 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал:  4-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 4-нд нутгийн зарим газраар 12-14 м/с, 5,6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 2–ын автобусны зогсоолд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 10:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 10:08 цагт очиж, иргэн С-ийн 6×3 метрийн хэмжээтэй цайны газар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.      

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 14:56 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:04 цагт очиж, иргэн М-ын 8×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 47 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 17 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 15:36 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 15:44 цагт очиж, иргэн Н-ийн 5 ханатай гэр, хашаа, М-ын 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.      

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 63 дугаар гудамжны 102 дугаар цэвэр ус түгээх худгийн хажууд автомашинд 2 хүн дайруулсан тухай дуудлагыг 06.02-ны өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан 22:06 цагт очиж, Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн О /28 настай, эмэгтэй/ нь иргэн Т-ын “Приус 20” загварын суудлын автомашиныг жолоодож Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны харьяат иргэн Р, /34 настай, эрэгтэй/ иргэн Э /38 настай, эрэгтэй/ нарыг мөргөж, автомашинд 2 иргэн дарагдсан байсныг “Холматро” иж бүрдэл багаж ашиглан гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.  

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Баарангийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс 24 км-т/ Завхан аймгийн Шилүүстэй сумаас Ховд аймгийн чиглэлд “Тэсийн бүрд” ХХК-ийн жолооч Т-ийн жолоодож явсан “Хьюндай 5ТОН” загварын том оврын ачааны автомашин /1 зорчигчтой/ замын хажуу руу унасан тухай дуудлагыг 06.02-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн “Баарангийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс 24 км-т/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 24 км замыг туулан 14:30 цагт очиход, тус компанийн ажилчид ажилтан Т /27 настай, эрэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/ нарыг аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авч явсан байсан. Тус автомашиныг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн.    

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:    

Хүчтэй салхи, шуурга: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр баг Бунханы 24 айлын орон сууцны дээвэр 06.02-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим хүчтэй шороон шуурга шуурсны улмаас /14 м/с-21 м/с/ хууларсан тухай дуудлагыг мөн өдрийн 15:20 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км замыг туулан 15:25 цагт очиход тус 24 айлын орон сууцны дээвэр /төмөр шувуун орой 360 м2/ хууларч, тус орон сууцаас 30 м-т иргэн Б-ын 4 ханатай гэр дээр унасан. Тус гэрт Э /32 настай, эмэгтэй/, Т /13 настай, эрэгтэй/, М /9 настай, эмэгтэй/, Т/1 сартай, эрэгтэй/ нар байсан ба бэртэж гэмтээгүй.   

Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алтат багийн “Шанага” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ 06.02-ны өдрийн 21:30 цагийн орчим хүчтэй шороон шуурга шуурсны улмаас малчин С-ын 5 ханатай гэр салхинд нурсан тухай мэдээллийг 06.02-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Баттулгаар ахлуулсан алба хаагчид газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцаж ажилласан тухай мэдээллийг сумын Засаг даргын орлогч Д.Ганбат аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.    

Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн “Бохирго” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ 06.02-ны өдрийн 22:50 цагийн орчим шороон шуурга шуурсны улмаас малчин Х-ийн 6 ханатай гэр салхинд нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Дашдоржоор ахлуулсан ажлын хэсэг 06.03-ны өдөр очиж, хохирлын хэмжээг тогтоох тухай мэдээллийг сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Д.Хишигт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.   

   5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Гучийн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ тус аймгийн харьяат иргэн Н /68 настай, эрэгтэй/ 06.02-ны өдрийн 21:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 40 км замыг туулан 06.03-ны өдрийн 01:30 цагт очиж, гэрээс нь урд зүгт 7 км-т “Гучийн толгой” гэдэг газраас эсэн мэнд олж, гэрт нь хүргэж өгсөн.          

  Усны осол /эрэн хайх, аврах/: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан-Ам багийн “Битүүтийн Баян нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 50 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км-т/ тус аймгийн харьяат малчин У /18 настай, эрэгтэй/ адуу сургаж байгаад “Баян нуур”-ын усанд 06.02-ны өдрийн 17:30 цагийн орчим осолдсон тухай дуудлагыг 06.02-ны өдрийн 17:52 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.03-ны өдрийн 02:20 цагт 8 метрийн гүнээс цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.      

      ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  

        

           

scroll to top