Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Сэлбэ, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Онон, Хэрлэн, Улз, Хангай нуруунаас усжих Чулуут голын эх болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-45 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Хэрлэн, Улз, Хархираа, Чигж зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Балж, Онон, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 5-35 см тус тус даван хүчтэй үерлэж байна.
Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул:
Үүнд:
· Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
· Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
· Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
· Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
· Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.