Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын зарим нутгаар бороо орж, Говь-Алтай аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с, баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна.  Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр сэрүүсч 8-13 градус, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 26-31 градус, говийн аймгуудын нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи их төлөв баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүсч шороон шуурга шуурна. 29-31 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн “Зөгийн дэнж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 54 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 3 км-т/ Үхрийн фермийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 20:08 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 54 км замыг туулан 21:05 цагт очиж, иргэн Б-ийн 28х18 метрийн хэмжээтэй үхрийн фермерийн дээврийн хэсэг, 4х6 метрийн хэмжээтэй гүний худгийн байшин шатаж байсныг 2 цаг 38 минут ажиллаж унтраасан.    

 Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн 10 дугаар гудамжинд иргэн Ц-ийн 7х9 метрийн хэмжээтэй палкан байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 01:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 01:06 цагт очиж, 22 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 07:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 07:42 цагт очиж, иргэн Д-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.   

Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн Зос хэсгийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 14:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 14:25 цагт очиж, иргэн Б-ийн хураалттай түлээний мод шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан. 

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн Мааньзавын 1 дүгээр гудамжинд хашаанд гал гарч байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 02:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 02:32 цагт очиж, иргэн Д-ын 5 ханатай гэр, “Тоёота Гаяа” загварын суудлын автомашин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.         

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн Цагдаагийн постын дэргэд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 8 км-т/ Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд зорчиж явсан Дорноговь аймгийн харьяат иргэн Т-ийн “Зил-130” загварын том оврын чиргүүлтэй ачааны автомашины /1 зорчигчтой/ араас Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн С-ын “Форд Трансит” загварын суудлын автомашин мөргөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 8 км замыг туулан 01:48 цагт очиж, 28 минут ажиллаж  иргэн С /34 настай,  эрэгтэй/-ыг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.     

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:     

Өндрөөс аврах: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 8 дугаар байрны 4 дүгээр давхрын тагтнаас хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 10:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 10:18 цагт очиход тус аймгийн харьяат иргэн Б /35 настай,  эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ тус орон сууцны тагтаар дамжин 4 дүгээр давхрын тагтаар иргэн А-ын гэрт орох гэж байсныг тус аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч З.Азбаяр буулгаж, саатуулахаар авч явсан. 

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрийн дэргэд “Туул” голд хүн живсэн байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 15:05 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 15:24 цагт очиж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн Ш /22 настай, эрэгтэй/-ын цогцсыг “Туул” голоос гаргаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Ууганбаяр ахалсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.    

5.Мэдээлэл:

Хүчтэй салхи: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Гол-Эхийн Улаан нүүр” гэдэг газарт  /сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Малчин О, Ч, Х нарын 5 ханатай 3 гэр 06.04-ний өдрийн хүчтэй салхинд нурсан тухай мэдээллийн 06.05-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан.  Тус багийн дарга Л.Давхарбаяраар ахлуулсан 5 хүн, 1 автомашинтай 06.04-ний өдөр тухайн газар очиж, нөхцөл байдалтай танилцаж ажилласан. 

Ховд аймгийн Буянт сумын Хар цохио багийн “Уурхайтын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд  зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн  зүгт 60 км-т/ Малчин Ц-ийн 5 ханатай гэр 06.05-ны өдрийн 12:00 цагийн орчим хүчтэй салхи салхилсны /18 м/с-20 м/с/ улмаас нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 23:07 цагт хүлээн авсан. Тус багийн Засаг дарга Э.Хишигтөмөр ахалсан ажлын хэсэг 06.06-ны өдрийн 07:00 цагт очиж хохирлын хэмжээг тогтоож ажиллах тухай мэдээллийг Онцгой байдлын газарт мэдээлсэн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

                   

        

scroll to top