Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймагт бага зэргийн цас орсон, Увс, Сэлэнгэ аймгийн зарим нутгаар бороо орсон. Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь аймгийн зарим нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.  Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс  9-14 м/с, говь, тал хээрийн бүс нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна.   Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 7-12 градус, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсэж 15-20 градус, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. 

  Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бага зэргийн бороо орно, салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ, сэрүүсэж 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 9, 10-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 8-нд говь талын нутгаар зарим үед 15-17 м/с, бусад хугацаанд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д “Таван толгой түлш” ХХК-ийн 3х28 метрийн хэмжээтэй хатаалгын өрөөнд дамжлагын тоног төхөөрөмж, сайжруулсан шахмал түлш шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 09:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 14 км зам туулан 09:17 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 41/а байр хашаа, хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 10:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 10:50 цагт 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Хархорин хороолол” хогийн цэгт хог шатсаны улмаас 51 дүгээр байрны дулаалгын хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 12:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 12:45 цагт очиж 45 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Дэлэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 16 км-т/ иргэн Г-ын 5 ханатай гэр, 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 15:35  цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 16 км зам туулан 15:46 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.      

  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Туул”-ын 11 дүгээр гудамжинд иргэн У-ийн 9х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 17:35 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 12 км зам туулан 17:49 цагт очиж 1 цаг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ц/71 настай, эрэгтэй/, Ц /21 настай, эмэгтэй/ нар гар бага зэрэг түлэгдсэн тул ЯТТ-д шилжүүлэн өгсөн.   

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хорооллын авто шалган нэвтрүүлэх товчооны дэргэд автозамын зорчих хэсэгт ачааны автомашин осол гаргасан тухай дуудлагыг 06.06-ны өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 22 км зам туулан 14:07 цагт очиход иргэн А-ын жолоодож Улаанбаатар хотоос Төв аймгийн Зуун мод сумын чиглэлд 60 тн цемент ачин зорчиж явсан “Норд бенз” загварын ачааны автомашин нь 12 суудлын автомашин, 2 ачааны автомашин, авто шалган нэвтрүүлэн товчооны байрыг мөргөж улмаар “Кантер” загварын ачааны автомашинд зорчиж явсан нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны харьяат иргэн Г /32 настай, эрэгтэй/, Д /16 насттай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсан тул эсэн мэнд гаргаж ЯТТ-д шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Баянцагаан” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 3 км-т/ Заан Тэрэлжээс Улаанбаатар хотын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан суудлын автомашин онхолдсон тухай дуудлагыг 06.06-ны өдрийн 18:30 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 3 км зам туулан 18:34 цагт очиход “Приус-30” загварын автомашин онхолдож нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн М /26 настай, эрэгтэй/, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны харьяат иргэн Б /26 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж ЯТТ-д шилжүүлэн өгсөн.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Хүчтэй салхи, шуурга: Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багийн “Ишгэн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 103 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ тус сумын нутгаар 06.05-ны өдрийн 22:50 цагт салхины хурд 18 м/с хүрсний улмаас  малчин С-ийн  5 ханатай  гэр нурсан. Мэдээллийг 06.06-ны өдрийн 08:40 цагт тус багийн Засаг дарга З.Нямсүрэн аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 29 дүгээр байр 4 давхар барилгын 4 дүгээр давхараас хүн үсэрч 2 давхар өргөтгөлийн барилгын дээвэр дээр унасан тухай дуудлагыг 06.06-ны өдрийн 18:16 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 18:30 цагт очиход тус байрны иргэн Д /26 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 4 давхар барилгын цонхноос унаж гэмтсэн байсныг эсэн мэнд буулгаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлж өгсөн.  

6.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Аман-Ус багийн “Бурхант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 8 км-т/ Тус сумын харьяат малчин Б-ийн 4 ханатай  гэр 06.06-ны өдрийн 20:26 цагт шатсан.  Мэдээллийг мөн өдрийн 21:10 цагт  тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Цэцэгсүрэн аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Эмгэд багийн “Улаан толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 64 км-т/ тус сумын харьяат малчин О-ын “Си-Арви” загварын суудлын автомашин 06.06-ны өдрийн 16:50 цагт шатсан. Уг гал түймэрт иргэн О /71 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.  Мэдээллийг мөн өдрийн 19:50 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Шагдарсүрэн аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

    

scroll to top