“Миний анхны том галын дуудлага байлаа”

102931529_254875438943559_7117919969967360763_n-810x500-1.jpg

А.Цээсүрэн

Улсын их дэлгүүрm өчигдөр /2020.06.07/ томоохон хэмжээний гал гарч, нийслэлийн таван дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах долоон ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21.30 цагт бүрэн унтраасан. Галын голомтод эмэгтэй гал сөнөөгчид эрчүүдтэй мөр зэрэгцэн шуурхай ажилласан нь олны талархлыг хүлээгээд буй.

Ингээд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал түймэр унтраах 63 дугаар ангийн гал сөнөөгч бүсгүйг онцлон танилцуулж байна. Түүнийг О.Отгон-Эрдэнэ гэдэг. Тэрбээр 22 настай. Онцгой байдлын албанд ажиллаад нэг жил болж байгаа ажээ.


Аврах 63-р ангийнхан өчигдөр “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн зургадугаар давхар шатаж байна” гэсэн дуудлагын дагуу шуурхай ажилласан алба хаагчдын нэг. Магадгүй, цаг минуттай уралдан хүний алтан амийг аварч үлдэхийн төлөө ажилладаг тэдэнд энэ ээлжит нэгэн үүрэг нь байсан байх. Тэр дунд ганц эмэгтэй салааны захирагч үүрэг гүйцэтгэж явсан нь дэслэгч О.Отгон-Эрдэнэ гэх бүсгүй юм.

Биднийг тус ангид очиход гал сөнөөгч бүсгүй инээмсэглэн угтаж авлаа. Өнөөдөр түүний амралтын өдөр хэдий ч хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгөхөөр ажил дээрээ ирсэн гэдгээ нуусангүй.

Тэрбээр “Тухайн үед биднийг очиход Улсын их дэлгүүрийн дээврийн хэсэг бүрэн галд автсан байсан. Манай анги Улсын их дэлгүүрийн зүүн хойд талд машин техникээ байрлуулж, галыг унтраах бодис өгөхөөр ажилласан. Сунасан шатан дээр манай ангийн алба хаагч ус цацаж ажилласан. Өндөр шатан дээр туршлагатай гал сөнөөгч л ажилладаг. Ямар гал дээр ямар бодис хэрэглэх вэ гэдгийг цаанаас нь зааж өгсөн байдаг. Их хэмжээний утаажилттай үед галыг усаар саармагжуулж, тархалтыг нь дарах ёстой байдаг юм.

Би өмнөх өдөр нь ээлжтэй байсан учраас өчигдөр анги дээрээ бэлтгэл, бэлэн байдлаа хангаж байсан. Эхлээд үндсэн ээлж маань гурван машинтай Улсын их дэлгүүрийн галын голомтод очсон. Нэмэлтээр бэлтгэл ээлжийнхэн хүч нэмэгдүүлж очиж ажилласан. Монголын маань нүүр царай болсон Улсын их дэлгүүрт гал гарч, шатсанд харамсч байна” хэмээн ярив.

Жилийн гаруйхны өмнө Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийг төгссөн тэрбээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 18 дугаар ангид салааны захирагчаар томилогдон ажлынхаа гарааг эхлүүлж байжээ. Өнгөрөгч нэгдүгээр сарын 1-нээс Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах 63 дугаар ангидаа салааны захирагчаар томилогдон ажиллаж байгаа аж. Тус анги дөрвөн салааны захирагчтай бөгөөд ганц эмэгтэй захирагч нь О.Отгон-Эрдэнэ.

Багаасаа цэргийн хүн болох хүсэл мөрөөдөлтэй байсан түүнд аав нь онцгой байдлын алба хаагч болохыг зөвлөжээ. “Ер нь онцгой байдлын алба хүнд тусалж, хүнийг аварч байдаг их сайхан мэргэжил. Энэ мэргэжлийг сонгоход аав минь их нөлөөлсөн. Миний аав Хууль сахиулахын их сургуульд жолоочоор ажилладаг хүн л дээ. Аав минь “Онцгой байдлын алба эмэгтэй хүнд их ээлтэй алба шүү” гэж хэлдэг байсан нь сэтгэлд тод үлдсэн гэх үү дээ.

Би аав, ээж, ах, хоёр дүүтэйгээ зургуулаа амьдардаг. Миний ах Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажилладаг. Би багаасаа л аавыгаа дагаж өссөн. Аав минь цэргийн хүн. Ах маань бас цагдаагийн байгууллагаас ажлынхаа гарааг эхлүүлсэн. Тийм болохоор цэргийн хүн болох хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байсан” тухайгаа ярьсан юм.

Анх Баянгол дүүргийн Гал унтраах 18 дугаар ангид ороод удаагүй байхдаа “Эрин” хороололд гарсан гал түймрийн дуудлагын дагуу очиж, ажиллахдаа их сандарч байсан тухайгаа дурсахдаа “Зургаан давхарт гарсан гал түймрийг анх унтраахаар ажилласан. Их ч сандарсан. Хамт олон маань туршлагатай, мундаг гал сөнөөгчид байсан учраас надад тусалж, их зүйлийг зааж өгсөн” гэв.

Тус ангийн салааны захирагч, дэслэгч Э.Гүрхүү “Мэдээж эмэгтэй хүний хувьд хүндрэлтэй асуудал гаралгүй яахав. Гэхдээ бид тангараг өргөсөн алба хаагч учраас эмэгтэй хүн гээд хойш суух ёсгүй. Салааны захирагч О.Отгон-Эрдэний хувьд тун чадварлаг ажилладаг. Аливаа юмыг дор нь сурч, багийнхантайгаа уялдаж ажилладаг” талаар ярьж байв.

Хонх дугарангуут галынхаа хуудсыг авч машиндаа суугаад, очих газрынхаа хаягаа тодруулдаг. Тэгээд төв шугам хэдэн метр байна вэ гэдгийг тооцоолж, усаа тэр талаасаа өгөх зэргээр гал сөнөөгчидтэйгөө ажилладаг. Дотор хүн байвал хүмүүсийг утаажилтын бүсээс хэрхэн гаргах заавар зөвлөгөө өгнө. Үргэлж Мэдээлэл, шуурхай удирдлагын төвтэй утсаар холбогдож, нөхцөл байдлын мэдээлэл солилцдог.

Их сургуульд олон талын чадварт суралцана. Бидэнд өндрөөс буух, усанд сэлэх чадварыг зааж, сургадаг. Бид өдөр бүр нарийн хуваарьтайгаар ажил дээрээ тогтмол бэлтгэл хийдэг. Хувцас, техник хэрэгсэл хангалттай бий. Манай анги зургаан гал унтраах том оврын машинтай. Ой хээрийн багаж хэрэгслээр тоноглогдсон машин техниктэй” хэмээн ангиа танилцууллаа.

Онцгой байдлын албанд ажиллаж эхэлснээсээ хойш 70 удаагийн дуудлагаар ажилласан түүний хувьд Улсын их дэлгүүрт гарсан гал түймрийн дуудлага анхны томоохон гал байсан гэнэ. Гал сөнөөгч бүсгүй энэ тухайгаа ярихдаа “Манай хамт олны хувьд өмнө нь томоохон галын голомтод ажиллаж байсан. Харин миний хувьд анхны том галын голомт байлаа. Манай анги нэгдүгээр зэрэглэлийн анги гэж явдаг. Энэ нь хамгийн их дуудлага ирдэг анги гэсэн үг. Хоёрдугаар зэрэглэлийн ангид дуудлага харьцангуй бага ирдэг гэсэн үг л дээ. Тийм учраас ангийнхан маань өдөр болгон дуудлаганд гардаг.

Манай дөрөвдүгээр салаанд 11 алба хаагч бий. Нэг эмэгтэй дуудлага хүлээн авагч, гурван жолооч, долоон гал сөнөөгч ажилладаг. Ер нь эрэгтэй хүмүүстэй хамт ажиллахын тулд эмэгтэй хүн тэвчээртэй, хүний үг дааж чаддаг байх хэрэгтэй. Хэтэрхий зөөлөн байвал бас хэцүү л дээ. Туршлагатай гал сөнөөгч ах нар маань намайг их дэмжиж, тусалдаг” гэлээ.

Гал түймрийн дуудлагын дагуу очиход эмэгтэй гал сөнөөгч бүсгүйг хүн бүр гайхаж хүлээж авдаг гэнэ. Тэрбээр шуурхай дуудлага ирсэн үед эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн нэгхэн минутын дотор төвөггүйхэн хувцсаа өмсч, харагдана. “Нэг минутын хугацаа юу ч биш. Зарим туршлагатай гал сөнөөгчид 18, 25-хан секундэд гялалзуулчихдаг юм” хэмээн инээмсэглэн өгүүлнэ. Эмэгтэй хүн гээд хойш суулгүйгээр шуурхай ажиллаж, хөө тортог болох нь энүүхэнд. Цаашдаа энэ албандаа олон жил тууштай ажиллаж, олон хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалахын төлөө улам хичээх болно гэв.

Эх сурвалж: news.mn

scroll to top