Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Дорнод, Завхан, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зарим нутгаар бороо, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:   Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-үүр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с. Өдөртөө 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал:   10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгаар, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,11-нд говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с, 12,13-нд зүүн аймгуудын нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Аргалант багийн “Өмнөд бүсийн Дулааны цахилгаан станц” ХХК-ийн хашаанд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 15:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 15:50 цагт очиж, 2 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 22:39 цагт хүлээн авсан.   Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 22:45 цагт очиж, “ЭН ЭС ТИ ЭС ГИ” ХХК-ийн 22х12 метрийн хэмжээтэй 3 давхар гутлын үйлдвэрийн түүхий эд шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.    

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 3 дугаар хэсгийн 53 дугаар байрны хашаанд модны хөвөн шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 11:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:18 цагт очиж, иргэн Э-ын 53 дугаар байрны хашаанд өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.    

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн “Шивэрт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 6 км-т/  амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 11:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 12:00 цагт очиж, иргэн Х-ийн 4х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн А-8 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 17:45 цагт очиж, 8 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 21 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 19:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 19:28 цагт очиж, иргэн Э-ийн 9х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, эд хогшлын хамт шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн 66 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 22:02 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 22:09 цагт очиж, иргэн У-ийн 8х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дотор талын хана шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.   

3. Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Хөтөл нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 460 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 100 км-т/ аянга буусны улмаас хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 08:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид “Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”-ы ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 14:16 цагт цурамд оруулж, 14:35 цагт түймрийг унтраасан.     

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Хүрмэн” гэдэг газарт /сумын төвөөс зүүн хойд 66 км-т, Ө-45067I00II, У-114052I00II/ 06.08-ны өдрийн 11:12 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг цахим шуудангаар ООГСХ-ээс мөн өдрийн 10:54 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Батжаргалаас тодруулахад тухайн газар нутагладаг 6 өрх айлд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.

5.Мэдээлэл:

Хүчтэй салхи: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багийн 17, 21 дүгээр гудамжинд иргэн У, Д нарын 5 ханатай 2 гэр 06.08-ны өдрийн 14:00 цагийн орчим хүчтэй салхины салхилсны /14 м/с-16 м/с/ улмаас нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн өдрийн 17:40 цагт очиж нөхцөл байдалтай танилцаж ажилласан.    

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

      

  

                    

scroll to top