Н.Баярмаа
Онцгой байдлын албаны материаллаг баазыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах талаар улсаас сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч байгаа. Польш улсын төслөөр 10 гаруй автомашин орж ирсэн. Мөн өмнө нь Австри, Солонгос, ОХУ зэрэг улсаас цөөн тооны машин орж ирсэн зэргээр байдал сайжирч байгаа гээд таатай мэдээллүүд байна. Удахгүй Беларуссын төслөөр 70 гаруй машин орж ирнэ. Энэ үүднээсээ ч объектын түймэрт ажиллах машин, техник, хүн хүчний хувьд боломжийн хүрэлцээ бий болжээ. Энэ талаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Мөнхсайханаас тодрууллаа.
-Онцгой байдлын албаны материаллаг бааз хуучинтай харьцуулахад сайжирч байгаа гэж та мэдээлсэн. Гэтэл өчигдрийн Улсын их дэлгүүрт гарсан гал дээр гал сөнөөгчид хамгаалах хэрэгсэлгүй ажиллаж байгаа тухай мэдээллүүд гарлаа?
-Хүчилтөрөгчийн багны тухай асууж байх шиг байна. Хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл гэдэг юм. Нормдоо аврах хамгаалах гал сөнөөгч нарт байх ёстой боловч манай Онцгой байдлын албанд 70 орчим хувьтай хангагдсан байдаг хэрэгсэл. Өчигдрийн хувьд яг хорт утаатай дээд давхруудад багтай хүмүүс ажилласан. Бусад хэсэгт баггүй гал сөнөөгчид ажиллалаа.
-Сүүлийн үед хотын төв хэсгээр ихэвчлэн өндөр барилгууд баригдаж байна. Эдгээр барилгыг галын аюулаас хамгаалахад үүсэх хүндрэл бэрхшээл юу байна?
-Улаанбаатар хотод 10 буюу түүнээс дээш давхартай барилгууд нэмэгдэж байна. Нийслэлийн Онцгой байдлын албаны хувьд барилгын ес хүртэлх давхарт хүрч ажиллах техникийн боломжтой байдаг. Тиймээс түүнээс өндөр барилга байгууламжийг барьсан тохиолдолд тэдгээр барилгууд өөрөө гал унтраах норм стандарт, гал унтраах усан хангамжаа шийдсэн байдаг. Аль ч оронд ийм л шаардлага тавигддаг. Дотуурх усан хангамж, нөөц усан хангамж, усан сан, галын дохиолол, мэдрэгч, автомат гал унтраах системээр тоноглогдсон байж өөрийгөө аврах нөхцөлтэйгөөр баригддаг гэсэн үг. Тэгэхээр өндөр барилга өөрийгөө хамгаалах, аврах, гал гарсан нөхцөлд унтраах зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх ёстой.
-Объектын гал усны нөөц хүрэлцэхгүй тохиолдол сонсогдож байдаг. Өчигдөр гарсан шиг томоохон хэмжээний галд ямар байдаг вэ?
– Бага хэмжээний галууд дээр ус дутагддаггүй. Харин томоохон удаан үргэлжилсэн галууд дээр усны дутагдалд ордог.Сүүлийн үеийн онцгой байдалд ашиглаж байгаа машинууд харьцангуй усны нөөц сайтай болсон. Хамгийн багадаа дөрөв, найм, арван тонны автомашинуудтай болсон. Хуучин бол хоёр гуравхан тонн гэж ярьдаг байсныг бодвол усны нөөц багадхааргүй болоод байгаа. Хотын төвд гарсан объектын галд ойролцоох гидрантыг ашиглах тохиолдол байдаг. Нийслэлийн хэмжээний төвийн шугаман дээр байрласан 178 гал унтраахад ашиглаж болох гидрант байдаг. Үүний 104 бүрэн ажиллагаатай ашиглах боломжтой 74 нь ашиглах боломжгүй.
-Эдгээр гидрантын тоог нэмэгдүүлэх шаардлага бий юу?
Нийслэлийн онцгой байдлын албанаас хагас жил тутамд усан хангамжийн судалгааг Ус сувгийн удирдах газартай хамтран явуулдаг. Ашиглалт засвар үйлчилгээг нь Ус сувгийн удирдах газар хариуцаж засварлах боломжтойг нь засварлаад явдаг. Дээгүүр нь зам явчихсан барилга баригдсан өөрчлөгдсөн зэргүүдийг цаашид ашиглах боломжгүй гээд хаадаг.
-Төвийн шугамууд дээр байгаа гидрантууд дээр тоог нь нэмэх боломжтой л доо. Гэхдээ боломж нь бол бага. Түрүүний ярьсанчлан шинэ барилга, хорооллууд, худалдааны төвүүдийн ойролцоох цэвэр усны шугам дээр зайлшгүй цэвэр усны гидрант суурилуулж байрлуулж шалгаж байж авч байгаа. Сүүлийн үед баригдаж байгаа барилгуудыг улсын комисст хүлээж авахдаа заавал галын аюулын үед ашигладаг галын гидранттай байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг болсон.
-Галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хэр үр дүнтэй зохион байгуулдаг гэж үздэг вэ? Иргэд, аж ахуйн нэгжүүд төдийлөн ач холбогдол өгдөггүй юм шиг санагддаг?
-Нийслэлийн онцгой байдлын газраас Шадар сайдын баталсан удирдамжийн хүрээнд Онцгой байдал болон Нийслэлийн онцгой байдлын газрын даргын зэрэг удирдамжуудыг чиглэл болгон төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалтгалтуудыг хийдэг. Зөрчил дутагдлын хүрээнд албан шаардлагуудыг өгч зөрчлийг арилгуулж ажилладаг л даа. Гэвч өгөгдсөн албан шаардлагууд 70 орчим хувьтай биелдэг. Үлдсэн шалтгаанууд нь барилгын хийц, бүтэц эсвэл хөрөнгө мөнгөтэй холбоотой засагдахгүй зөрчлүүд байдаг.
-Нийслэлийн гол гудамжинд байрладаг томоохон худалдааны төвд гал гарсан. Эдгээр хүн олноор төвлөрүүлдэг байгууламжуудад гал гарах ямар гол шалтгаан нөхцөл байна вэ?
-Галын аюулгүй байдлын талаасаа цахилгааны зөрчил нэгд байдаг. Дээр нь орц, гарц, авралтын зам ордог. Томоохон худалдааны төвүүд олон орц гарцтай байх ёстой. Гэтэл худалдаа үйлчилгээнийхээ онцлогоос шалтгаалаад зарим орц гарцаа хаасан зөрчлүүд ихээхэн бүртгэгддэг. Мөн худалдаа үйлчилгээний төвүүдэд томоохон ресторан, хоолны газрууд ажиллуулж газ ашиглаж байдаг нь галын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.
-Өндөрлөг цэгт гарсан галд хүрч унтраахад үүсдэг хүндэрлүүд байсаар байна. Уулын оройд асч байгаа гал руу ус үүрээд хөлөөрөө мацдаг байдлыг хэзээ дуусгах вэ?
– Ийм хүндрэлтэй нөхцөл бий. Онцгой байдлын алба 4-5 жилийн өмнөөс гал унтраах зориулалтын нисдэг тэрэгтэй болъё гээд уламжлаад явж байгаа. Энэ жилдээ биш бол ирэх жилээс Францын хөнгөлттэй төслөөр нисдэг тэрэг авахаар яригдаж байна.
Эх сурвалж: Medee.mn