Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 11 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд БНЭУ-ын Шинэ Дели хотноо НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах газраас (UNISDR) зохион байгуулж байгаа Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх “Сендайн хүрээ баримт бичиг”-ийг бүс нутагт хэрэгжүүлэх Азийн удирдагчдын хурал, 2015 оны Азийн түншлэлийн 2 дугаар уулзалтад тус тус оролцож байна.
Дэлхийн улс орнууд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр дэвшүүлсэн зорилго, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, хүлээх үүрэг хариуцлагын талаар тусгасан “Сендайн хүрээ баримт бичиг”-ийг 2015 оны 3 дугаар сард Япон Улсын Сендай хотноо 187 орны төлөөлөгчид оролцсон Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн 3 дугаар бага хурлаас батлан гаргасан билээ.
Азийн удирдагчдын хурал болон Азийн түншлэлийн уулзалтаар гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийг Ази тивд хэрэгжүүлэх чиглэлээр баримтлах бодлого, хөтөлбөр, туршлага сургамж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, “Сендайн хүрээ баримт бичиг”-ийг Ази тивд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний төсөл, Азийн улс орнуудын гамшгийн эрсдэлийн менежментийн нөхцөл байдлын тайлангийн явцыг хэлэлцэж байна.
Хурлын үеэр Шадар сайд тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн аюулыг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Маргарета Волстром, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх, Дотоод хэргийн дэд сайд Кирен Рижижу, Япон Улсын Төрийн сайд Фумиаки Мацумото нартай тус тус ажлын уулзалт хийж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, 2016 онд БНЭУ-д зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал болон 2018 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдах хоёрдугаар бага хурлын бэлтгэл ажил, “Сендайн хүрээ баримт бичиг”-ийг бүс нутгийн болон үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР