1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгуудын зарим нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн өвөр говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 13-15 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Ногоон зоорь” гэдэг газар гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 14:28 цагт очиж, эзэнгүй 4 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Хэргийн газрыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хөдөлгөөнт эргүүл, цагдаагийн дэслэгч Б.Машбаярт хүлээлгэн өгсөн.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн Чулуутын 15 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулж 16:13 цагт очиж, иргэн Т-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 17:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:13 цагт очиж, иргэн Г-ын 5 ханатай гэр шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 17:41 цагт очиж, иргэн Г-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Вокзалын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 23:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 23:26 цагт очиж, иргэн Э-ын 4х8 метрийн хэмжээтэй байшин, амбаар, 4 ханатай гэрийн зүүн урд хэсэг шатаж байсныг 52 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Өндрөөс аврах: Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд-Ар” хорооллын 21А байрны 4 давхрын тагтан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 11:17 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 11:36 цагт очиж, 5 дугаар давхраас аврах олс ашиглан 4 дүгээр давхрын тагтаар орж, Б /4 настай, эрэгтэй/, Ж /2 настай, эрэгтэй/ нарыг авран, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хөдөлгөөнт эргүүл, цагдаагийн ахлах ахлагч Н.Ууган-Эрдэнэд хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, “Кентавр” зочид буудлын 4 давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 18:13 цагт очиж, Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны иргэн Б /44 настай, эрэгтэй/-тай ярилцлага хийж буулган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Тамирт хүлээлгэн өгсөн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Адам Ева”-ийн хөшөөнөөс баруун зүгт 500 метрт “Туул” голд 2 хүн живж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 17:42 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн Х /17 настай, эмэгтэй/, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн М /20 настай, эмэгтэй/ нарыг “Туул” голд живж байсныг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
4.Мэдээлэл:
Сураггүй болсон: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Гурванбаян багийн “Баянзүрх” гэдэг газар /аймгийн төвөөс хойд 180 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ тус сумын харьяат малчин Д-ийн туслах малчин О /38 настай, эрэгтэй/ 06.09-ний өдрийн 02:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай мэдээллийг 06.10-ны өдрийн 10:42 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 06.11-ний өдөр “Хангалын хадаг” гэдэг газар 5 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр зогсоосон тухай мэдээллийг иргэн Д.Хүрэлтулга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР