Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:   Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Ховд аймгийн зарим газраар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, өдөртөө 29-31 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 19, 20-нд нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 14 дүгээр байрны 5 дугаар давхарт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 12:47 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 12:54 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 40 иргэнийг гаргасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны АОС-ын 1 дүгээр гудамжинд иргэн Ш-ийн хашаанд хураасан мод шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 13:52 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 13:57 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10 дугаар гудамжинд иргэн М-ын 5 ханатай гэр шатаж байна  гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 14:15 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 14:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 14:39 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Тахилт”-ын 1 дүгээр гудамжинд иргэн Б-ын 5 гэр, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13.5 км зам туулан 16:49 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Ар хустай” зуслангийн “Задгай”-д иргэн Ч-ын  “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км зам туулан 16:50 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Чулуут”-ын 9 дүгээр гудамжинд эзэнгүй 4х5 метрийн хэмжээтэй амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид  3.5 км зам туулан 16:51 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.  

Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Антены урд-Энгэр” гэдэг газар иргэн Б-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 21:43 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 56 км зам туулан 22:45 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Айцын даваанд Иргэн О-ын эзэмшлийн “Естима” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 23:13 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 12 км зам туулан 23:28 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны “Зүүн баян- Уул”-ын 15 дугаар гудамжинд иргэн Н-ийн 18х24 метрийн хэмжээтэй  хүнсний дэлгүүрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 23:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 23:42 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн “Баян хошуу” гэдэг газар /Замын-Үүд сумын төвөөс хойд зүгт 61 км-т/ “Их эрлийн-Эзэд” ХХК-ийн эзэмшлийн “Волва” загварын ачааны автомашины чиргүүлийн дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 12:55  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 61 км замыг туулан 13:38 цагт очиж 5 минут ажиллаж, унтраасан.   

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Орхон сумын Ар булаг багийн “Ороох могой” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км, аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 18:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга , дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 06.16-ны өдрийн 05:00 цагт унтраасан. Уг гал түймэрт ойролцоогоор 2 га ойн талбай шатсан.

4.Үйлдвэрлэлийн осол:

Бусад үйлдвэрлэлийн осол: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Улсын иргэний бүртгэлийн ерөнхий газрын архивын зориулалтаар  баригдаж буй  барилгын 5х12 метрийн хэмжээтэй, 60см зузаантай бетонон хана нурж хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг 06.15-ны 09:05 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид 7 км зам туулан 09:19 цагт очиход нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны харьяат иргэн Э/27 настай, эрэгтэй/ 2 хөл нь дарагдсан байсныг эсэн мэд гаргаж НТТТ-д, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны харьяат иргэн З /51 настай, эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Нүүрстийн-Ам” гэдэг газар / аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ 06.14-ний өдрийн 12:00 цагт сонгино түүхээр гэрээсээ гарсан 2 хүүхэд “Хар боом”  гэдэг 600 орчим метр өндөр хадан хясааны 70 орчим метр өндрөөс унаж 30-35 метрт нас барсан тул цогцсыг хадан хясаанаас буулгах тухай хүсэлтийг 06.15-ны өдрийн 10:00 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагид 11:38 цагт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат И/15 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 30 метрийн өндрөөс, мөн сумын харьяат С/17 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 35 метрийн өндрөөс буулгаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн.

6.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багийн 16 дугаар гудамжинд иргэн Э-ын 7х9 метрийн хэмжээтэй байшинд 06.15-ны өдрийн 12:00 цагт  эд зүйл шатсан.  Мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Р.Хадбаатар мөн өдрийн 12:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн “Хөх даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 150 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан. Мэдээллийг мөн өдрийн 11:10 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батжаргал аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Хийморийн хэсгийн 4 дүгээр гудамжинд иргэн О-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин 06.16-ны өдрийн 03:00 цагт шатсан. Орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Д.Барсболд мөн өдрийн 04:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  

scroll to top