Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ аймгийн зарим газраар түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

    Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 19-24 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 градус,  бусад нутгаар 25-30 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 18, 19, 21-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 19, 20-нд нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-ийн хашаанд Өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 11:02 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 11:08 цагт очиж, тус хүрээлэнгийн хашаанд 2.5 га талбайд өнжмөл өвс, “Хүрээ-Энтертаймэнт” ХХК-ийн хашаанд 1 га талбайд өнжмөл өвс тус тус шатаж байсныг 5 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Мон-Арц” ХХК Үйлдвэрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 11:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 11:15 цагт очиж, тус байгууллагын 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.16 ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:24 цагт очиж, тус тоотод иргэн М-ын эзэмшлийн 5 ханатай гэр шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн “Цагаан-Ус”-ны 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн тухай дуудлагыг 06.16 ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1.7 км замыг туулан 18:01 цагт очиж, иргэн О-ын 5 ханатай шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, Их сургуулийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 16:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:03 цагт очиж, иргэн Ж-ийн 7×8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр болон шалны хэсэгт шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо,  Хужиртын 33 дугаар гудамжны задгайд малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 15:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дугаар ангийн алба хаагчид 20.5 км замыг туулан 16:18 цагт очиж, малчин Ж-ийн 4х6 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Уураг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 145 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын ажилтнууд, орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна. 06.17-ны өдрийн 05:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар хөдөлсөн.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Хустайн гурван даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 165 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т, Хялганат тосгоноос баруун хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 20:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, тус багийн Засаг дарга А.Одсүрэнгээр ахлуулсан орон нутгийн иргэд ажиллаж, 06.17-ны өдрийн 03:58 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 3 га талбай шатсан./

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхэн хавцгай багийн /аймгийн баруун урд зүгт 244 км-т/ “Өндөрлөг” хороололын оршин суугч иргэн Н /34 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 06.15-ны өдрийн 22:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай мэдээллийг 06.16-ны өдрийн 22:25 цагт тус сумын Засаг дарга Ж.Мөнхтөр аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус сумын Засаг дарга Ж.Мөнхтөрөөр ахлуулсан орон нутгийн иргэд 06.15-ны өдөр сумын төв болон сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:20 цагт түр зогсоосон. 06.17-ны өдрийн 04:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар очиж, 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Дархан-Уул аймгийн Орхон сумын “Энхтал” гэдэг газар /аймгаас төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ “Орхон” голд хүн осолдсон тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 15:50 цагт очиход Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Бага нуга” гэдэг газар иргэн Б /50 настай, эрэгтэй, нийслэлийн Хан-Уул дүүрийн иргэн/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ загас барихаар голын усанд орж, осолдсон байсан тул тухайн газарт 3 удаагийн шумбалт хийж, осолдсон газраас 12 км-т завьтай голын эрэг дагуу самнаж, үр дүнд хүрээгүй тул 19:31 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, ар гэрийнхэн хамтран ажилласан. 06.17-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top