Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Баян-Өлгий, Булган, Дорноговь, Орхон, Хөвсгөл, Хэнтий аймгийн зарим газраар түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 27-29 градус дулаан байна.

Төлөв байдал:   19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр аадар бороо, 22-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд өдөртөө халж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар сэрүүснэ. 

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.17-ний өдрийн 13:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 11:19 цагт очиж, иргэн Д-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дотор болон дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.     

    Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 17 дугаар байрны урд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 18:12 цагт очиж, эзэнгүй 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 33 минут ажиллаж унтрааж, тус аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч П.Буянтогтохд хүлээлгэж өгсөн.       

   2. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Уураг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 145 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна. 06.18-ны өдрийн 00:00 цагийн үед түймрийн голомтод бага зэргийн бороо орсон. Хүч нэмэгдүүлж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид  06.18-ны өдрийн 05:10 цагт ангийн байрлалаас тус тус хөдөлгөөн үйлдсэн.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Хустайн гурван даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 165 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т, Хялганат тосгоноос баруун хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 20:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Сэлэнгэ, Хангал сумын иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна. 06.17-ны өдөр хүч нэмэгдүүлж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид хөдөлгөөн үйлдэж, 06.18-ны өдрийн 05:07 цагт түймрийн голомтод очиж, түймрийг унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Шар чулуут” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 245 км-т, сумын төвөөс  баруун зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан мэдээллийг 06.17-ны өдрийн 08:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 2 бүлэгт хуваагдан түймрийн тархалтыг зогсоож, унтраахаар ажиллаж байна. 06.18-ны өдрийн 05:10 цагт хүч нэмэгдүүлж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид хөдөлгөөн үйлдсэн. 

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Сэвсүүл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 183 км-т, сумын төвөөс хойд зүгт 15км-т/ хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 11:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 12:45 цагт хээрийн түймрийг унтраасан.

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Ялданхай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 342 км-т, сумын төвөөс хойд зүгт 18 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 17:15 цагт хээрийн түймрийг унтраасан.    

Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн Хилийн 0132 ангийн Авдархараат 6 дугаар заставаас зүүн зүгт 10 км-т /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 190 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Тус аймаг дахь Хилийн 0132 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 23:02 цагт түймрийг унтраасан.   

Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн Хилийн 0306 дугаар ангиас урд зүгт 10 гаруй км-т /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймаг дахь Хилийн 0306 дугаар ангийн алба хаагчид “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 21 дүгээр талбайн ажилтнууд ажиллаж 06.18-ны өдрийн 01:00 цагт түймрийг унтраасан.    

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Сангийн далайн эрэгцэг” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, Газрын тосны 19 дүгээр талбайгаас зүүн урд зүгт 30 гаруй км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус аймаг дахь “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайн ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж 06.18-ны өдрийн 05:40 цагт түймрийг унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Билүүт багийн “Лагийн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 410 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т, Хилийн 0146 дугаар ангийн “Халтар хошуу” 7 дугаар заставаас хойд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 22:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 06.18-ны өдрийн 05:15 цагт түймрийг цурамд оруулж, унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхэн хавцгай багийн “Өндөрлөг” хорооллын 202 тоотод /аймгийн төвөөс баруун урд зүгт 244 км-т/ иргэн Н/34 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 06.15-ны өдрийн 22:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 22:25 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 06.17-ны өдрийн 14:04 цагт гэрээс нь урд зүгт 50 км-т Эрдэнэшанд багийн “Дунд сээр” гэдэг газарт малчин А-ийн эзэнгүй гэрээс эсэн мэнд олж, ээж Д-д хүлээлгэн өгсөн.  

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Бага нуга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ Орхон голд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат иргэн Б/50 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ осолдсон тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.17-ны өдрийн 09:00 цагт “Бага нуга” гэдэг газраас усаар 12 км-т урсаж, “Эрхэт нуга” гэдэг газраас иргэн Б-ийн цогцсыг тус голын салаанд хайрагдсан байсныг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн. 

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Уньт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ 06.17-ны өдрийн 18:10 цагийн орчим аянга цахилгаантай, ширүүн аадар бороо /мөндөр/ орсны улмаас үер бууж 3 айлын гэр нурж, үерт урссан тухай мэдээллийг 06.17-ны өдрийн 20:03 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход иргэн Б/ам бүл 4/-ын 5 ханатай гэр бүрэн эвдэрсэн, Б /ам бүл 6/, А /ам бүл 5/ нарын 5 ханатай 2 гэрийн унь, тооно, хана эвдэрсэн байсныг засварлаж гэрүүдийг барьсан тухай мэдээллийг тус сумын Байгаль хамгаалагч Ч.Пүрэвсүрэн аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.     

Бусад төрлийн мэдээлэл: Хэнтий аймгийн Галшар сумын Буянтбулаг багийн Эрдэнэбулган хорооллын 5 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн мэдээллийг 06.17-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход иргэн М-ын “СОНАТА 3” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Оюун-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.            

  ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  

      

scroll to top