Э.Эрдэнэбаатар: Улаанбаатар хотын хэмжээнд 12 цэгт сэрэмжлүүлэх самбар нэмж байршуулах шаардлага гарсан

104209245_572524156956465_3016786779850112976_n.jpg

Н.Баярмаа

Зуны улирал эхэлж агаарын хэм халах тусам иргэдийн гол ус бараадах нь ихэсдэг.  Нийслэлчүүдэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ховор. Тиймээс  Туул голын эрэг дагуу  иргэд олноор цугларч цаг заваа өнгөрүүлдэг. Энэ үүднээс гол усны аюулаас иргэдийг  хамгаалах, сэрэмжлүүлэх асуудлаар  ямар ажил хийгдэж байгаа талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Цаг дулаарахаар устай холбоотой ослууд нэмэгддэг. Энэ талаар яриагаа эхэлье?

-Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд усны ослоор 7 хүн амь насаа алдсан байна. Үүнээс дөрөв нь хүүхэд гурав нь том хүн байгаа. Та бүхэн мэдэж байгаа байх. Баянзүрх дүүргийн 26-р хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд нууранд дөрвөн хүүхэд осолдсон харамсалтай хэрэг гарсан. Мөн 25-49 насны гурван том хүн Туул голд осолдсон байна.

-Ойрын өдрүүдэд нийт нутгаар халуун бүгчим өдрүүд үргэлжилж байна. Энэ үеэр иргэд гол ус бараадаж осолд өртөх нь нэмэгддэг. Усны ослоос урьдчилан сэргийлэх ямар ажлууд зохиогдож байна вэ?

– Усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр жил бүр гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлийг ажиллуулдаг. Энэ жилийн хувьд Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж зургаадугаар сарын 11-ээс есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд  Туул гол дагуу Хар усан тохойгоос Биогийн хадан хясаа хүртэлх газар нутгаар завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж эхэлсэн. Үүнээс гадна Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүл,  залуучуудын хөгжлийн газар манай байгууллагатай хамтран амралтын өдрүүдэд хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна. Мөн агаарын хэм 30 болон түүнээс дээш давсан үед нэмэлтээр Нийслэлийн онцгой байдлын газрын нэгж бүтцүүдийг хамруулан хүч нэмэгдүүлсэн хяналт шалгалтуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн гол дагуух эрсдэлтэй цэгүүдийг олж тогтоон бүртгэлжүүлж мэдээлэлжүүлэх ажил хийгдэж байгаа гэж сонссон. Хичнээн цэгийг тогтоогоод байна вэ?

– Бид Туул, Хэрлэн, Тэрэлж гол дагуу иргэдийн усанд осолдож байсан болон голын цүнхээл хэсэгтэй газруудын судалгааг гаргаад байна. Улаанбаатар хотын хэмжээнд 12 цэгт эдгээр самбаруудыг нэмж байршуулах шаардлага гарсан байгаа. Үүнээс дурьдвал Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийтдээ зургаа, Яармагийн гүүр орчимд гурван цэг, Сонсголын болон Биогийн шинэ гүүр орчимд тус бүр нэг мөн Хадан хясаа орчимд нэмэлт самбарууд байршуулна.  Тэдгээр самбарууд дээр тухайн хэсгийн усны гүний хэмжээг бичиж аюулыг сэрэмжлүүлсэн байх юм. Энэ ажлыг дүүргийн онцгой байдлын хэлтсүүд ч  хариуцсан нутаг дэвсгэрийхнээ хэмжээнд хэрэгжүүлж 1-2 ширхэг сэрэмжлүүлэг самбаруудыг байрлуулахаар болсон байгаа.

Самбар байршуулсан цэгүүдийг иргэд юу гэж ойлгож болох вэ?

– Анхааруулах самбаруудыг  хүн осолддог, цүнхээл ихтэй болон загас үржүүлгийн хэсэгтэй газруудад байрлуулна. Тэгэхээр аюул ослын өндөр эрсдэлтэй амь насанд шууд аюул учруулахуйц газар гэж ойлгох хэрэгтэй. Бид энэ ажлыг хийхдээ газар тус бүрээр завь урсгаж усны гүнзгийн хэмжээг тогтоосон байгаа. Ингэхэд  доошоо 4.5 метр буюу түүнээс гүнзгий хэсэгтэй газрууд бүртгэгдсэн.

Иргэд усанд бага насны хүүхэд л осолддог мэтээр ойлгодог. Гэтэл насанд хүрсэн хүн гол усанд осолдох тохиолдол буурахгүй байна?

– Ингэж ойлгож болохгүй. Сая би он гарсаар усанд осолдсон хүний гурав нь том хүн байсан талаар хэлсэн. Өнөөдрөөс тав хоногийн өмнө манай алба хаагчид 17, 20 настай хоёр эмэгтэйг тогтоол усанд живж байх үед нь таарч авран хамгаалсан байгаа. Тэгэхээр усанд осолдох осолдохгүйд том хүн, хүүхэд гэсэн насны ялгаа байхгүй. Ямар ч   насны хүн усанд осолдох магадлалтай. Ус хаана байна тэнд аюул бий гэж ойлгож сонор сэрэмжтэй аялж зугаалах хэрэгтэй. Өвдөг шагайгаар татсан усанд ч хүн осолдох нөхцөл байдал үүсч болно. Тиймээс иргэд болж өгвөл  амарч зугаалах орчноо ослын аюул дагуулж мэдэх гол усны ойролцоо  сонгохгүй байх нь эрсдэл багатай. Хэрэв гол ус руу явсан тохиолдолд бага насны хүүхэд мөн өөрсддөө тавих анхаарал сэрэмжээ сулруулж огт болохгүй. Голын усанд орохгүй байхыг зөвлөмөөр байгаа боловч хориглох боломжгүй учраас амрагч зугаалагчдыг сонор сэрэмжтэй байгаарай гэж хэлмээр байгаа юм.

-Гол усны аюулаас иргэдийг авран хамгаалах хүн хүч, техникийн бэлтгэл хангалттай байна уу?

-Нийслэлийн онцгой байдлын газрын завьт эргүүлийн баг моторт тийрэлтэд завь  болон хийлдэг урсдаг моторт завьтай үүрэг гүйцэтгэж байна. Мөн квадрат цикл дөрвөн дугуйт, хоёр фургон автомашин дуудлагад үйлчилж байна. Алба хаагчдын хувьд Нийслэлийн аврах ангийн 14 хүнтэй хоёр бүлэг өдөр болгон Хар усан тохойгоос Маршалын гүүр, Маршалын гүүрээс Хадан хясаа гэсэн чиглүүдэд завьт эргүүлийн үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.

Эх сурвалж: medee.mn

scroll to top