1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орж Улаанбаатар хот болон Төв аймгийн нутгаар шороон шуурга шуурсан..
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүсэж шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, говийн бүс нутгаар 33-38 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, Өчигдрөөс бага зэрэг сэрүүсэж 27-29 градус дулаан байна.
Төлөв байдал: 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23, 24-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Шинэ үе” хотхоны 105 дугаар байрны 2 дугаар орцонд утаа гарч байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:32 цагт очиж, иргэн Г-ын угаалгын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 48 иргэнийг аюулгүй газарт гаргасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Бага-Уул багийн 1 дүгээр гудамжинд хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 16:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан, 16:44 цагт очиж иргэн Б-ын эзэмшлийн 11х12 метрийн хэмжээтэй “Түвшин” найман нэрийн хүнсний дэлгүүрийн урд талын хананы хэсэг шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Хилчний 44 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 02:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 03:03 цагт очиж, иргэн М-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Уураг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 145 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 06.18-ны өдрийн 15:15 цагт цурамд оруулж, 06.19-ний өдрийн 18:48 цагт бүрэн унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 900 га талбай шатсан./
Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Хустайн гурван даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 165 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т, Хялганат тосгоноос баруун хойд зүгт 30 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 20:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Сэлэнгэ, Хангал сумын иргэд ажиллаж 06.18-ны өдрийн 23:00 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Буриадын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 188 км, сумын төвөөс баруун зүгт 100 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 14:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 06.19-ний өдрийн 16:30 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. 06.19-ний өдөр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ойн түймэрт ажиллаж байсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус тус хөдөлж, 23:58 цагт Цагааннуур сумын “Атарын бригад” гэдэг газар очиж хоноглосон. Түймрийн голомтод 06.19-ний өдрийн 22:00 цагаас 21:20 цагийн хооронд бороо орсон.
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Шар чулуут” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 245 км-т, сумын төвөөс баруун зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан мэдээллийг 06.17-ны өдрийн 08:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 06.18-ны өдрийн 20:10 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Илчлэгийн гол” гэдэг газар /Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, Ө-49°3’45.94”, У-107°30’7.13”/ www.fires.ru сайтад 06.19-ний өдрийн 10:30 цагт түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, “Хандгай нуруу” ХХК-ийн 2 ажилтнууд 13:16 цагт түймрийн голомт руу хөдөлж, 22:26 цагт түймрээс 2 км-ын зайд “Илчлэгийн гол” гэдэг газар очиж хоноглосон.
Булган аймгийн Бүрэгхангай сумын Цахт багийн “Ороохын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км-т, сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.19-ний өдрийн 08:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сумын мэргэжлийн ангийнхан, Орхон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 15:00 цагт цурамд оруулж, 19:00 цагт бүрэн унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 10 га талбай шатсан./
4.Зам тээврийн осол:
Автозамын осол:Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Монгол-Кувэйт”-ын амны урд талын автозамын зорчих хэсэг суудлын автомашин онхолдож, жолооч нь автомашиндаа дарагдсан тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 02:36 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 33 км замыг туулан 03:04 цагт очиход иргэн Г-ийн эзэмшлийн “Ланд-200” загварын суудлын автомашин онхолдож, нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүн автомашинаас 25-30 метрийн зайд газарт шидэгдэн нас барсан, мөн 1 эрэгтэй хүн автомашины хөдөлгүүрийн хэсэгт дарагдаж нас барсан байсныг гаргаж Цагдаагийн байгууллагад, тус автомашины жолооч Г болон хамт зорчиж явсан 1 хүний /эрэгтэй/ биеийн байдал хүнд, шоконд орсон байсныг нийслэлийн ЯТТТөвд тус тус хүлээлгэн өгсөн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсангийн гүүр” “Туул” голд хүн живсэн тухай дуудлагыг 06.19-ний өдрийн 15:32 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан 15:43 цагт очиж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ү /19 настай, эрэгтэй/ осолдсон байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 15:55 цагт цогцсыг олж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бат-Эрдэнэд шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн задгайд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг 06.19-ний өдрийн 19:46 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км замыг туулан 20:14 цагт очиход Г /2 настай, эрэгтэй/ 7 метрийн гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргаж, ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР