Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өчигдөрөөс сэрүүсэж 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр аадар бороо, нутгийн зүүн хагаст бороо, 26-28-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. 25-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Илчлэгийн гол” гэдэг газар /Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, Ө-49°3’45.94”, У-107°30’7.13”/ www.fires.ru сайтад 06.19-ний өдрийн 10:30 цагт ойн түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Нэгдсэн эмнэлэг, “Хандгай нуруу” ХХК, Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалтын газрын ажилтнууд ажиллаж, 06.22-ны өдрийн 19:35 цагт түймрийг цурамд оруулж, 06.23-ны өдрийн 15:06 цагт унтраасан.

3.Үйлдвэрлэлийн осол:

Бусад үйлдвэрлэлийн осол: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Буурт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 8 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ “Төгс зам” ХХК-ийн чулуу бутлагчийн дамжлагын ременд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 06.23-ны өдрийн 18:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт, Прокурорын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 8 км замыг туулан 18:25 цагт очиж, “Төгс зам” ХХК-ийн чулуу бутлагчийн дамжлагын ременд тус компанийн туслах ажилтан Шарын гол сумын харьяат Б /18 настай, эрэгтэй/ хавчуулагдан нас барсан байсан тул 13 минут ажиллаж цогцсыг гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлж өгсөн.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн “Ханын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 06.23-ны өдрийн 16:04-16:40 цагийн хүчтэй аадар бороо /мөндөр/ орж, мөндөр буусны улмаас тус багийн 5 өрхийн 8 гэр нурсан тухай мэдээллийг 06.23-ны өдрийн 19:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хохирлыг тогтоож ажилласан. 

5.Мэдээлэл:  

Аянга: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Хуршуутын баруун дэнж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 365 км-т, сумын төвөөс баруун урьд зүгт 35 км-т/ малчин Б-ын 5 ханатай гэр дээр 06.23-ны өдрийн 04:00 цагийн орчим аянга буусан /гэрийн дээвэр, унь хугарсан/ тухай мэдээллийг 06.23-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд 06.23-ны өдрийн нөхцөл байдалтай танилцаж ажилласан. 

Усны осол: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Жамцан гарам” гэдэг газарт /сумын төвөөс урд зүгт 30 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 194 км-т/ “Хэрлэн” гол руу хүн үсэрсэн тухай мэдээллийг 06.23-ны өдрийн 13:13 цагт хүлээн авсан. Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /35 настай, эрэгтэй/, Б /22 настай, эрэгтэй/, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Б/18 настай, эрэгтэй/ нар Хан-Уул дүүргийн харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ын цогцсыг “Хэрлэн” голоос гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top