Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Говь-Алтай, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал:  27-28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 18-20 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд говийн бүс нутгийн зүүн хэсгээр хална.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн “Хөх толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 4.5 км-т/ Иргэн Х-ын хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 21:55 цагт очиж, 2 тонн боодлын өвс шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 5 дугаар хэсгийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.25-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 23:10 цагт очиж, иргэн М-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:   

Үер – Усны үер: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1, 2,3,4,5 дугаар багт Тус суманд 06.24-ний өдрийн 18:55-20:50 цагийн хооронд аадар бороо /мөндөр/ орж үер болсны улмаас 06.25-ны өдрийн 01:00 цагийн байдлаар 99 айл өрхийн гэр хашаа /84 гэр, 15 байшин/, 13 аж ахуйн нэгж байгууллагын барилгын зоорийн давхар, 9 орон сууцны байрны зоорийн давхар, нийтийн эзэмшлийн зам талбайн 80 хувь нь усанд автсан тухай 121 дуудлага бүртгэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Харгуй” ХХК-ийн ажилтнууд сэргээн босгохоор ажиллаж байна. 06.25-ны өдрийн байдлаар 160 айл өрхийн байшин, гэр, хашаа болон 5 орон сууцны зоорийн давхар усанд автсан. Тус сумын ерөнхий боловсролын 4 сургуулийн дотуур байранд 180 ортой байрыг бэлдэж, 13 айл өрхийн 32 хүн (үүнээс 8 хүүхэд) түр байрлуулаад байна. 06.25-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тухайн аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хуралдуулсан.

4.Мэдээлэл:

Усанд автсан тухай: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Бадрах” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 06.25-ны өдрийн 16:06 цагаас 19:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас тус багийн харьяат малчин У-ын 2 гэр үерийн усанд автсан тухай мэдээллийг 06.25-ны өдрийн 19:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 20:57 цагт очиж, тухайн айлыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:    

Усны осол /эрэн хайх, аврах/: Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 65 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 325 км-т/ тус багийн харьяат малчин Б/39 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Хёрхон” гэдэг голын эргээс таана, мангир түүхээр 06.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон /Хёрхон голд живсэн байж болзошгүй/ тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 06:40 цагт /06:50 цагт/ хүлээн авсан. Хилийн 0287 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 06.23-ны өдрийн 22:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.24-ний өдрийн 04:00 цагт мотоциклыг нь Хёрхон голын эргээс олсон. 06.25-ны өдрийн 05:00 цагаас тус аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн хэсэг, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын Баруун-Эрэг гэдэг газраас Хоргойт гэдэг газар хүртэл 35 км-т Хёрхон голын эрэг дагуу явганаар самналт хийж, 5 удаагийн шумбалтыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. 06.26-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

6.Мэдээлэл:

    Бусад төрлийн мэдээлэл: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва хороолол”-ын 9 дүгээр байрны автомашины зогсоол суудлын автомашин дэлбэрсэн тухай мэдээллийг 06.25-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Т.Цогтсайхан 21:00 цагт очиход иргэн А-ын эзэмшлийн “Сай” загварын суудлын автомашин дотор ахуйн хэрэглээний 220 граммын савалгаатай газ дэлбэрч автомашин дотор байсан иргэн Н /20 настай, эрэгтэй/, иргэн М /18 настай, эрэгтэй/  нар түлэгдэж бэртсэнийг нийслэлийн ЯТТТ-өөс ГССҮТөв рүү авч явсан байсан. Тухайн автомашиныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Эрдэнэ-Очирт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top